ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчин эмэгтэй О нь гадаадын иргэнд 78 мянган ам.долларыг 18 удаагийн үйлдлээр шилжүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-06-15

Монгол Улсад нэг цаг тутамд залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн албаны эх сурвалж мэдэгджээ. Тэр тусмаа Өмнөд Африк зэрэг хөгжил буурай улс орнуудад байршдаг олон улсын цахим гэмт хэргийн бүлэглэл Монгол Улсын иргэдтэй цахимаар харилцаж, хайр дурлалын харилцаа үүсгэсэн мэтээр чат бичиж, эцэстээ их хэмжээний мөнгө аваад алга болж буй гэмт хэрэг сүүлийн үед ихээхэн бүртгэгдэх болсон аж. Өөрөөр хэлбэл, өдөрт 4-5 бүртгэгдэх болсон бөгөөд өмнөх жилээс 2 дахин өсчээ.

Цахим гэмт хэргийн энэ төрлийг “Romance scam” гэж нэрлэдэг бөгөөд ганц бие, хань ижил нь нас барсан эс бөгөөс гэр бүлийнх нь хүн хайрлаж халамжлахгүй ганцаарддаг 40-өөс дээш насны эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь их байдаг аж.

Цахим гэмт хэрэгтнүүд “Чи надад таалагддаг. Би чамтай холбоо барих гэж удлаа. Танай улсад удахгүй очно. Би чамд гоё бэлэг явуулсан. Чи илгээмж явуулсны төлбөрийг нь төлөөд аваарай” гэх мэтээр урхиддаг бөгөөд гүүгл транслет ашиглан орчуулж, 3-6 сарын хугацаанд хайрын мессеж бичдэг аж. Удаан хугацааны энэ харилцаанд хууртсан эмэгтэйчүүд итгэж мөнгө шилжүүлсний дараа тэд алга болдог ажээ. Тэгвэл хамгийн сүүлд 40 гаруй насны малчин эмэгтэй энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд АНУ-ын иргэн гэх этгээдэд залилуулж, 78 мянган ам.доллар буюу 240 орчим сая төгрөг шилжүүлжээ.

Alico Camelove хэмээн өөрийгөө танилцуулсан этгээд АНУ-д хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирсний дараа буцаагаад энэ мөнгийг чинь 2-3 дахин нугалж өгнө гэсэн этгээдэд итгэж, 18 удаагийн үйлдлээр Голомт банкаар 78 сая ам.доллар шилжүүлжээ. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба энэ этгээдийг Турк дэх АНУ-ын Консулаар дамжуулан хайлгасан ч АНУ-д тийм нэртэй иргэн байдаггүй гэсэн хариу өгчээ.

Мөн Туркэд шувууны ханиад эмчилж байгаа эмч гэх этгээдэд С гэгч эмэгтэй 33 мянган ам.доллар, Австралид амьдардаг, тус улсад ирэх урилга илгээнэ гэсэн этгээдэд мөн л С гэгч эмэгтэй 37 мянган ам.доллар гэх мэтээр зөвхөн энэ оны эхний зургаан сард 147 мянган ам.доллар шилжүүлжээ. Энэ мэтээр хуурамч нэр, зураг ашигласан цахим гэмт хэрэгтнүүдэд итгэхгүй байхыг Цагдаагийн албан хаагчид санууллаа.