Өнгөрсөн баасан гарагт Японы Йокохама мужийн Исого Кү хотод гурван автомашин мөргөлдсөн осол гарч, ослын улмаас олон хүн бэртэж, нэг хүн амиа алджээ. Тэгвэл амиа алдсан иргэн нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын газраас яаралтай эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад " Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. ГХЯ-ны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлээд ажиллаж байна" гэсэн тодруулга өглөө.