Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.
“Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөх ажээ.