2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлав. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:
-Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн.
Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна
Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462 672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249 541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон.
Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэв. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болсон нь хяналтын камераас харагдаж байна гэв.