ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Батсэлэм: Энэ жил 35-37 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-20

Жил бүрийн энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг олох хүндхэн даалгавартай болдог. Жилээс жилд өсөн нэмэгдэж өдгөө гурван сая төгрөгийг даваад байгаа оюутны сургалтын төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдан хэрхэн төлж болох талаар Боловсролын зээлийн сангийн, Дотоод зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс тодрууллаа.

-Оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд оюутнууд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ? Энэ зээлийн давуу тал нь юу вэ?

-2018 оны хоёрдугаар сарын 06–ны өдрийн Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээлийн журам”-д өөрчлөлт орсон. Шинэ  журмаар оюутны хөгжлийн зээл банкаар дамжихгүй “Боловсролын зээлийн сан”-гаар дамжин хэрэгжихээр болсон. “Оюутны хөгжлийн зээл” өмнө нь жилийн таван хувийн хүүтэй байсан бол одоо хүүгүй болж, зээлдэгчээс ямар нэгэн барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгч шаардахгүй болсон. Зээлийн төрөл гурав байсныг нэгтгэж, урт хугацаатай зээл болгосон. Уг зээлд хамрагдахыг хүсч буй элсэгчийн ЭЕШ онооны дундаж нь 600–аас дээш байх ёстой. Өөрөөр хэлбэл, Анагаахын их сургуульд элссэн оюутны химийн хичээлийн оноо нь 800, биологийн хичээлийн оноо нь 500 байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд тухайн сургуульд элсэхэд шаардлагатай хичээлүүдийн дундаж оноо нь 600-аас дээш байгаа учраас зээлд хамрагдах боломжтой гэсэн үг. Харин их, дээд сургуульд суралцагч бакалаврын ангийн оюутан 2.8 онооноос дээш голчтой, магистр, докторын суралцагч 3.2 онооноос дээш голчтой байх шаардлагатай. Дээрх шалгуурыг хангасан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сурдаг өдрийн ангийн хэн боловч оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.

-Шинээр элсэж буй оюутнууд зээлд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Оюутны хөгжлийн зээлийг их, дээд  сургуулиудаар дамжуулан нэгдсэн журмаар олгоно. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль бүрт таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Зээлд хамрагдахыг хүсэгчид тухайн ажлын хэсэгт  иргэний үнэмлэхний хуулбар, ЭЕШ-ын онооны хуудас, ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ, сургуульд зохих ёсны дагуу элссэнийг нотлох баримт, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт зэргийг бүрдүүлж өгснөөр нэр нь мэдээллийн санд шивэгдэнэ. Ингэснээр тухайн ажлын хэсгийн “Боловсролын зээлийн сан” хариуцсан мэргэжилтэн бидэнтэй тооцоо хийж, зээлийг олгуулаад хяналтаа тавиад явна.

-“Оюутны хөгжлийн зээл”-ийг энэ жил хэдэн оюутанд өгөх вэ? 

-Энэ жилийн хувьд 35-37 мянган оюутанд зээл олгоно гэж 75 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Зээлийн шаардлага хангасан оюутан бүр л нээлттэй бөгөөд тэргүүлэх ач холбогдолтой гэж заасан 40 мэргэжлээр сонгон суралцаж байгаа оюутнуудад давуу эрхээр зээл олгох бодлого барьж ажиллана. 

-Хэзээнээс эргэн төлөлтөө хийж эхлэх ёстой юм бол? 

-Зээлд хамрагдсан оюутан тухайн их, дээд сургуулиа төгсөөд дипломоо авсныхаа дараа сараас эхлэн зээлээ төлнө. Одоогоор дундаж сургалтын төлбөр 2.5 сая төгрөг байгаа. Дөрвөн жилийн турш зээлд хамрагдсан оюутны нийт зээлийн хэмжээ нь 10 сая болсон гэж үзээд эргэн төлөх хуваарь гаргавал сард 139000 төгрөгийг зургаан жилийн хугацаанд төлөхөөр байгаа. Энэ нь дундаж амьдралтай хүнд санхүүгийн дарамт учруулахгүй. 

-Зээлээ графикт заасны дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд яах вэ?

-Оюутан графикт заасан хугацаандаа зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдэнэ. Зээлийн муу түүх үүснэ. Ингэснээр тухайн зээлдэгч цаашид ямар нэгэн арилжааны банк, байгууллагаас зээл авах эрх нь хаагдана гэсэн үг. Эсрэгээр зээлээ хугацаанд нь төлж барагдуулбал зээлийн сайн түүх үүснэ. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд чанаргүй зээлийн түүх огт үүсээгүй.