ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Болорчулуун: Ургацаа 100 хувь хурааж чадвал дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-21

Ургац хураах цаг болж буй. Тиймээс холбогдуулан  ургацын урьдчилсан баланс болон таримлын болц, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-ХХААХҮЯ-аас газар тариалангийн салбарт 2018 онд улаан буудай, төмс хүнсний ногоо болон, жимс жимсгэний дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж зорилт дэвшүүл­сэн. Ургацын балансаар зорилтдоо хүрч чадаж байна уу?

-Яамны зүгээс 2020 он гэхэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэдэг зорилт тавьсан. Энэ жилийн хувьд тавдугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын хүндрэлтэй байдлаас шалтгаалж улаан буудайг төлөвлөсөн хэмжээнээс 20 орчим мянган га-гаар дутуу тариалсан. Гэхдээ тариалсан талбайгаас ургацаа 100 хувь хураасан тохиолдолд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн тооцоо гарсан.

-Өнгөрсөн долдугаар сард ихэнх нутгаар бороо их орсны улмаас зарим нутгууд үер усны гамшигт нэрвэгдсэн. Энэ нь газар тариалангийн бүс нутагт, тэр тусмаа ургацын болцод сөргөөр нөлөөлсөн үү?

-Тариалангийн бүс нутгаар хүндрэл гараагүй. Харин ч ургац, хадлангийн талбайн өвсний массыг нэмэгдүүлж бэлчээр сайжирч байна. Бороо ороод нар гараад байсан учир таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Ургацын болц хэвийн явагдаж байгаа.

-Ургацаа хэзээ хурааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Аравдугаар сарын эхний долоо хоногт дуусгана. Цаг агаар мэдээж нөлөөлнө. Техникийн хүчин чадлын хувьд ч ийм боломж бий. Ургац хураалтын оргил үед буюу ес, аравдугаар сард олон жилийн дундажтай ойролцоо хур тунадас унана гэсэн урьдчилсан төлөв гарсан. Байгаль цаг уурын гэнэтийн бэрхшээл тулгарахгүй бол төлөвлөсөн хугацаандаа бүх ажлаа дуусгах боломжтой.

-Газар тариалан эрхлэгчд­ийн ургац хураалтад төрөөс дэмжлэг үзүүлэх үү?

-Ургац хураахад шатахууны дэмжлэг үзүүлж байгаа. Газар тариалан эрхлэгчид хэдэн га талбайгаас ургац хурааж авах мэдээ судалгаа бидэнд байгаа учраас ААН-үүд хүсэлтээ гаргаад шатахууны дэмжлэгт хамрагдах боломж­той. Дэмжлэг хүссэн байгууллагууд шатахууны үнийн 50 хувийг урьдчилж төлөөд 50 хувийг нь намрын ургацаараа төлөх боломжтой.

-Газар тариалан эрхлэгчд­ийн парк шинэчлэлтэд төрөөс дэмжлэг үзүүлдэг үү? 

-Өнөөдрийн байдлаар газар тариалан эрхлэгчид үр тарианы техникийнхээ 60 орчим хувьд нь парк шинэчлэл хийсэн байгаа. Мөн яамнаас намрын ургац хураалтад зориулж ОХУ-аас 30 ширхэг комбайн оруулж ирсэн. Түүнийгээ ААН-үүдтэй гэрээ байгуулаад  олгоод эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12 компани гэрээгээр комбайн авсан байна. Үлдсэн 28 комбайныг  гэрээгээр өгнө. Тариалан эрхлэлтийг дэмжих санд үтрэмийн машин буюу будаа цэвэрлэгээ сортлох машин ирсэн байгаа. Түүнийг мөн л ААН-үүдэд өгч байгаа. Энэ жил БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 24.5 сая долларын усалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.