Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж, ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс мөрдөхөөр болсон. Бид Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Чимэдбаттай уулзаж шинэчлэн найруулсан дүрмийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байна. Ийнхүү өөрчлөх болсон шалтгаан нь юу вэ?
-2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, мөн оны есдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүрмийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон юм. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол нэмэгдэх болсон нь Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх бас нэгэн үндэслэл гэж хэлж болно. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар осол хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхой зааж өгөөгүйгээс болж, зарим тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй байсныг өөрчилж байгаа юм.
- Гол, гол өөрчлөлт нь юу байгаа вэ?
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг ашиглах, чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргахыг хориглосон. Зам тээврийн ослын ихэнх нь жолоочийн анхаарал сулрах, туршлагагүй жолооч байдгаас болдог. Тиймээс жолоодох эрх авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа дадлага туршлагагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа ард “Шинэ жолооч” гэсэн таних тэмдэг тавих гэх мэтээр өөрчлөлтүүд орж байгаа.
-Шинэ дүрмээр тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаарыг хэрхэн тогтоосон бэ?
-Тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс мотоцикл, чиргүүлтэй автомашинаар суурин газрын гадна цагт 60 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон. Энэ нь орон нутгийн замд ихээр гарч буй мотоциклын ослыг бууруулахад ач холбогдолтой.
-Явган зорчигчийн эрх үүргийг хэрхэн тусгасан бэ?
-Явган зорчигч зам хөндлөн гарахдаа алгуурлах, эргэж буцах, утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших, мөн зорчих хэсэгт дугуйт тэшүүр болон хавтан түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон заалт орсон. Мөн харанхуй үед гэрэлтүүлэггүй замд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч аль болох тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлтэй явахыг зөвлөсөн. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон.
-Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар хэрхэн тусгасан байна вэ?
-Тээврийн хэрэгсэл сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс илүү хурд хэтрүүлэх, сургууль орчмын бүс дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, зорчих хэсэгт удаан зогсох зэргийг хориглосон. Жолооч тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглосон. Одоогийн мөрдөж буй дүрэмд гурав хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудал, бэхэлгээгүйгээр тээвэрлэхийг хориглосныг “Суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж өөрчилсөн. Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлийн гол зорилгуудын нэг нь бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах юм.