2022 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдсан. Энэ үеэр Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь нормоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Мөн Монголын эмэгтэй багийн гуравдугаар ширээнд тоглож ширээндээ зургаадугаар байрт бичигдсэн юм.
Тэгвэл түүний энэхүү амжилтыг үнэлэн Н.Лхагва захиралтай “Монгени” цогцолбор сургуулийн захиргаанаас Toyota Sai машиныг гардууллаа. Т.Мөнхзул нь Монгени сургуулийн төгсөгч бөгөөд сургуульдаа шатрын багшаар ажилладаг.
Т.Мөнхзулыг шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа хүн бол түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх юм.
Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн тэрээр Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болсон. Монгол Улсын Засгийн газрын тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах 173-р тогтоолын дагуу тэрээр 30 сая төгрөг гардахаар болсон билээ.