ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Мягмар: Эрүүл мэндийн хичээлийг арга зүйн сургалтад сууж, үнэмлэх авсан багш заана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-24

Энэ жилийн хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээл бие даасан байдлаар орохоор ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан билээ. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмараас тодрууллаа.

-ЕБС-ийн хөтөлбөрөөс  эрүүл мэндийн хичээлийг хассан байсан. Харин энэ хичээлийн жилээс дахин орохоор болсон. Ямар шалтгааны улмаас тус хичээлийг хассан юм бэ?
-ЕБС-д эрүүл мэндийн хичээл анх 1998 оноос орсон. 2012-2014 оны үед эрүүл мэндийн хичээлийг бие даасан биш бусад хичээлийн агуулгад нь шингээсэн байдаг. 2016 -2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг бие даасан байдлаар судална гэж төлөвлөгөөнд тусгасан.

-Энэ хүрээнд ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-ЭМЯ болон БСШУСЯ хоёр хамтран ажиллаж байгаа. Хамтран ажилласан хэсэг гараад өмнө нь эрүүл мэндийн хичээл орж байх үед тулгарч байсан бэрхшээл болон улам чанартай явуулахын тулд юунд анхаарах асуудалд судалгаа хийж байна. Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг өнгөрөгч нэгдүгээр сард байгуулсан. Ингээд БСШУС-ын сайдын тушаалаар 4-12 дугаар ангид бие даасан хичээл болгон үзэхээр болсон. Мөн 1-3 дугаар ангид сургалтын агуулгадаа шингээд явахаар болсон юм.

-Эрүүл мэндийн хичээл­ийг мэргэжлийн багш эсвэл эмч заах юм уу. Хуучин хэн дуртай цаг завтай багш орж ирж хичээл заадаг байсан шүү дээ. Тийм болохоор сурагчид эрүүл мэндийн мэдлэг боловсролын талаар ойлголт муутай байдаг байсан?
-Манайх ЭМЯ-тай хамтраад өнгөрсөн хугацаанд ямар байсан талаар судалгаа хийсэн гэдгээ би дээр дурдсан. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг бэлтгэгд­сэн багшаар заалгах ёстой юм байна гэдэг ойлголт гарч ирсэн. Өмнө нь эрүүл мэндийн хичээл заах арга зүйгээр бэлтгэгдээгүй, цаг нь хүрэхгүй учир нь дурын багш заадаг нөхцөлтэй байсан. Бид үүнийг халж энэ хичээлийн жилээс мэргэжлийн биологийн багшийг ЭМЯ-ны арга зүйн сургалтад сууж, үнэмлэх авсан багшаар заалгахаар болсон. Эрүүл мэндийн хичээлийг эмч заахгүй. Харин мэргэжлийн багшид тусалж, тодорхой агуулгаар туслах боломжтой. Түүнээс цаг нь дутуу багшаар заалгахгүй гэдэг хатуу заалттай сайдын тушаал бий.

-Нэг сургуульд хэчнээн багш байх вэ. Ганц хүн бүх хүүхдэд хичээл орж амжихгүй байх?
-Тийм ээ. Нэг багш байх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Нөгөө багш нь шилжсэн, өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн хичээл тасарна. Тиймээс нөөц багшийг бэлтгэх ажлыг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулна.

-Эрүүл мэндийн хичээл­ийн цаг хэрхэн тусгагдсан бэ?
-ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөг сайдын тушаал­аар шинэчилж батлахдаа 4-12 дугаар ангид нэг хичээлийн жилийн туршид 33-35 цаг орчим байхаар тусгасан.

-Агуулгын хүрээнд ямар байх вэ?
-Нийт зургаан агуулгын хүрээнд хичээл орно. Тухайлбал, хувийн эрүүлд ахуй, орчны эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт агуулгын хүрээнд орно. Эрүүл мэндийн хичээл хэдийгээр хүүхдүүдэд орохоор болсон ч гэр бүлийн орчинд энэ бүхэн нь сууж байх ёстой. Эцэг, эхчүүдийн хараа хяналт, нийгмийн орчны үлгэр дуурай л илүү чухал.