НИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэхийг тус корпораци танилцуулав. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүйг холбогдох мэргэжилтэн онцлоод, энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Тус байгууллага нь татварын ачааллыг багасгах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэх саналтай байгааг хороо дэмжээд, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр болсныг нийслэлийн ИТХ-ын ХМТ мэдээлэв.