ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Басандорж: Цэвэрлэх байгууламжийн лагийг эрдэс бодис болгоно

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-27

Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарах ажлыг хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан хоёр компанийн нэг болсон “Ховд тул” ХХК-ий зөвлөх инженер,ШУТИС-ийн профессор Д.Басандоржтой уулзаж цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр дарах ажил хэдэн хувьтай байгааг тодрууллаа.

-“Ховд тул” ХХК цэвэрлэх байгууламжийн лаг боловс­руулах тендерийн сонгон шалга­руу­лалтад тэнцсэн хоёр ком­панийн нэг. Танай ком­пани яагаад лаг боловс­руулах чиглэлд ажил­лах болсон юм бэ?

-Газар тариалан эрхэлдэг бүс нутагт жилд дээд тал нь хоёр ба түүнээс дээш ургац авсаар байгаад хөрсний үржил шим алдагдсан байдаг. Монголд мөн адил байна. Иймээс газрын хөрсийг эмчлэх хэрэгтэй. Байгалийн баяжуулсан уусмалыг ашиг­лаад органик гаралтай бүх хог хаягдлыг идүүлж боловс­руулснаар хар шороон хөрс бий болгож байгаа. Олон зүйл дээр туршилт хийж явсаар лаг боловсруулах туршилт хийсэн нь маш амжилттай болсон. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард таван тн лагийг хар шороон хөрс болгож боловсруулснаа БХБЯ-нд танилцуулж, тендерт оролцож сонгогдсон. Би боловсруулсан хар шороон хөрсөндөө хүнсний ногоо тарьж туршсан. Сайн чанарын ногоо ургасан бөгөөд хүнсэнд хэрэглэхэд ямарч аюулгүй.

-Төв цэвэрлэх байгуу­лам­жийн хэдэн картын лагийг боловсруулах ажил гүйцэтгэх вэ?  

-Төв цэвэрлэх байгууламж 44 карттай. Бид дөрвөн карттай хэмжээгээрээ тэнцэх хоёр талбайн 30 метр куб лагийг боловсруулж хөрс болгоно. Ажил 60 хувьтай явж байна. Эхний талбайн лаг боловсруулах ажил дууссан. Ажлын эцсийн хугацаа арваннэгдүгээр сарын 20-нд дуусна.

-44 картаас хоёрхоныг уу Мөнгөн дүнгээр нь нэрлэж болох уу?

-“Ховд тул”  ХХК 560 гаруй сая төгрөгийн тендер авсан. Японы хөрөнгө оруулалттай “Эко тайхи” ХХК 17.6 тэрбумын тендер авсан. Нэг метр куб лагийг 20 гаруй мянган төгрөгөөр боловсруулж байна гэсэн үг. Боловсруулсан хар шороон хөрсөө эргүүлээд зарахад тав дахин өндөр үнээр буюу 70-230 мянган төгрөгөөр зарах бололцоотой.

-Лаг боловсруулах явцад өөр шинэ технологи туршиж үзсэн үү?

-Лагийн 80-90 хувь нь ус. Энэ усыг зайлуулахгүй бол лагийг цэвэршүүлэх боломжгүй. Бор­доожуулах технологийн да­гуу дээд талын үеийг хуулж аваад хар плёнкоор бүрхэж боловсруулах ажил хийж байгаа юм. Нөгөө лагийн хэсэгт нь бодисоо холиод доор нь үнс дэвсэж мөн плёнкоор сар хучихад сэвс шиг цэвэр бордоо гарч байгаа. Хямд төсөр бас нэг арга байсныг туршилт судалгааны явцад нээсэн. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэрэгцээнд жилд 50 тн бордоо хэрэгтэй. Бид энэ зун хоёр картаас л 50 тн бордоо гаргаж авсан нь 44 картаар тооцож үзвэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 20 жилийн хэрэгцээг гаргаж болно.  

-Цэвэрлэх бай­гуу­лам­жийн үнэр багассан гэж мэдэгдэж байгаа шүү дээ?  

-Өмнө нь лагийн талбайн үнэр тархдаг байсан бол одоо больсон. Лагийг боловсруулах явцад ухаж эхлэхэд салхи гарах үед үнэр тархдаг. Мөн дутуу цэвэрлэсэн бохир ус­наас үнэртэж байлаа. Цэвэр­лэх байгууламжийн эргэн тойронд үйл ажиллагаа явуул­даг өлөнгийн үйлд­вэ­рүү­дийн үнэрийг цэвэрлэх бай­гуу­лам­жаас гарч байна гэж эндүүрдэг. Яваандаа биоло­гийн цэвэрлэгээ явуул­даг байгууламжийн бето­нуудыг сэргээгээд энэ ондоо ажил дуусвал цэвэр­лэ­гээ­ний төвшин сайжирна. Мөн тунгаагуур, био цөөрөм ашиглалтад орвол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуу­дал шийдэгдэнэ. Өдөр бол­гон гарч байгаа 1000-1500 тонн лагийг 500 мянга болгох технологийг хэрэгжүүлснээр бүрэн үр дүнд хүрэх юм. Бидний зүгээс энэ ажлын туршилт үр дүнг яамны холбогдох хүмүүс танилцуулсан.