Бид сар шинийн өмнөхөн Манба Дацан хийдийн зурхайч, Монгол Улсын Гавьяат багш Я.Аюурзаныг энэ буландаа урьсан юм. Бид ирэх туулай жилийн тухайд “...Энэ туулай бол зөөлөн, эм жил учир аливаа үйл хэрэгт тохиромжтой, эерэг жил байх болно. Гэвч зарим нэг хүн танаас урваж шарваж, туулай шиг тогтворгүй байдал үзүүлж болзошгүй тул ажил явдалдаа хянуур бай, муу хүнээс сэрэмжил, түүнд бүү найд” гэхчилэн сонирхолтой яриаг өрнүүллээ.
- Туулай жил гарлаа. Өнгөрч буй энэ усан бар жилээс бидэнд сургамжтай, анхаарууштай зүйл юу үлдэж байна вэ. Та өөрийн бодлоосоо хуваалцаач.
- Хүн бүр л дурсамж үлдээсэн бар жилээ дүгнэж, өөрийн амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэж, туулай жилийн зорилтоо дэвшүүлж байна.
Бар жил ямраар зурагдаж, ямар болж өнгөрч байгааг эргэн дүгнэж үзэхэд: Бар жилийн хавар салхи шуургатай, зундаа зарим нутагт гандуу, халуун. Зарим нутагт хур тэгшрэх боловч үер усны аюултай. Өвөлдөө хүйтний нигуур их, малын өвчин гарах боловч төл сайтай, малд буянтай, өндөр дээд албан тушаалтнуудад маш ширүүн, тэмцэлтэй. Эгэл ардууд хүнд хэцүү. Худалдаа наймаа тааруу, тэмцэл хөдөлгөөн хямралтай. Томуу зэрэг өвчний нигууртай гэх мэтээр зурагдсан нь болж өнгөрлөө.
Бар жилийн өнгө төлөв болон өөрийнхөө жилийн төөрөг ямар байхыг цаг тооны бичгээс үзэж жил, сар, өдөр, цагийн онцлогт амьдрал, үйл ажил, явдал мөрөө зохицуулж явсан нь гариг эрхсийн сөрөг нөлөөллөөс сэргийлж, эрсдэлд учралгүй тэгш сайхан явж амжилт бүтээл арвинтай, баяр цэнгэлээр дүүрэн байлаа.
- “Үзэсгэлэн” болгогч хэмээх Усан туулай жилийн өнгө төлөв ямар байх бол оо?
- “Үзэсгэлэн” болгогч /үйлдэгч/ хэмээх усан /харагчин/ туулай жил ямар болохыг зурхайн олон зурлагаар харж дүгнэхэд сайхан жил болох төлөвтэй.
Жилийн ноён нурууг тооцож гаргадаг шороон үхрийн зурлагыг нийтээр их ашигладаг юм. Хаврын уур орох өдрийг алдалгүй зөв тооцож гаргаад жил өдрийнх нь таван махбод болон гарч буй жилийн таван махбодын өнгө ямар байгаагаар тооцож гаргадаг зурхайн маш оновчтой нарийн зурлага юм.
Энэ зурлагаар үхэр болон үхэр хариулаачийн өнгийг гаргаж, түүнийхээ өнгө төлөвөөс тухайн жилийн байгаль цаг уур, хүн зоны ахуй байдал ямар байхыг маш тодорхой танин барьж илтэд онон үзүүлдэг зурлага байгаа юм.
Энэ жилийн зураглалыг буулгаж харахад хөх толгойтой, хөх эвэр чих сүүлтэй, цагаан ходоодтой, улаан шийртэй, хөх туурайтай, амаа хамхиж сүүлээ баруун тийш шарвасан,омруу өвчүү нь хөх, ногоон үхэр явж байх юм. Үхэр хариулаач нь хөх дээл гуталтай, шар бүстэй, үсээ зүүн чихнийхээ урдуур, баруун чихнийхээ араар унжуулсан, малгайгаа баруун гартаа барьсан, улаан царайтай, өвгөн хүн олсон шилбүүр бариад үхрийнхээ өмнө гүйж явна.
Дээрх зургаас товч дүгнэж үзвэл хаврын улирлын эхээр цас орж шуурна. Дунд сардаа ч шороон шуурга ихтэй, адаг сардаа хуурайшилт, хавсаргатай. Төл багатай. Зун, намрын эхэн, дунд сард аль алинд нь хур бороотой, үер усны аюулаас сэрэмжлүүлштэй. Зуны адаг сард зарим нутагт гантай, намрын адаг сард нартай, өвлийн эхэн, дунд сард цас ихтэй ч адаг сардаа цас орохгүй, шуурга салхитай. Малаа халдварт өвчнөөс хамгаалах шаардлагатай.
Өвс ургац сайн боловч хураалт багатай. Өндөр дээд албан тушаалтнуудад ээлтэй жил боловч бухимдалтай байхаар байна. Ард нийтдээ хүнд хэцүү, худалдаа наймаа тааруу, хулгай ихтэй, тэмцэл хөдөлгөөн хямралтай, өвчин зовлонтой байхаар зурагдсан байгаа юм.
Хүмүүс шороон үхрийн зургийг нягтлан харж, задлан шинжилж, тайлан уншиж, өөр өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн уламжлалтай.
- “Үзэсгэлэн” болгогч... Жилийн ёгт нэрийн утга учрыг сайн мэдэхгүй ч үгийн утгаас сайхан жил байх нь гэж таамаглаж байна. Эдгээр ёгт нэрийн тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгнө үү.
- 12 жилийг таван махбодоор нь үзэхэд энэ жаран жилд усан туулай жил нэг удаа тохиож байгаа нь энэ юм. Жаран жилийг тус бүрд нь өөр өөр ёгт нэрээр нэрлэсэн байдаг нь тэр жилийн өнгө төлөвийг илэрхийлсэн далд утгатай байна. Ер нь зурхайд ёгт нэр их хэрэглэж ирсэн байдаг л даа.
Ламын гэгээний анхдугаар дүр Ц.Лувсанданзанжанцан /1639-1704/ “Үрийн зурхай сайтар номлосон бүхий хураангуй” хэмээх судартаа Усан туулай жилийг “Үзэсгэлэн” үйлдэгч /болгогч/ гэж нэрлэсэн байгаа юм. Тэгээд энэхүү усан туулай жилдээ “Хүмүүн нугууд өвчин үгүй, бие сэтгэл амран, хаад төрөө номчлон тэтгэюү. Хүмүүн нугууд жаргалангийн дуу дуулъюу” гэж номлосон байна л даа. Энэ байдлаас үзэхэд тухайн жилийг ёгтоор нэрлэж, ямар жил болохыг илэрхийлдэг байжээ. Энэ ёгт нэрийн утгаар нь өөрийн чинь хэлж байгаа шиг тухайн жил ямар байхыг хүмүүс ойлгосоор ирсэн байна. Эрдэмтэн мэргэд өвөг дээдсийнхээ жилийг ёгт нэрээр нэрлэж ирснийг одоо хүртэл орхилгүй олон зуун жил хэрэглэсээр иржээ.
- Ер нь туулай жил ямар онцлогтой жил болдог вэ?
- 12 жилийг эр, эм, хатуу, зөөлөн жил гэж ялган үздэг. Өнгөрч буй бар жил бол эр хатуу жил байлаа. Зарим хүмүүс зарим нэг үйл хэргээ хатуу жилд цээрлэж, зөөлөн жилд гүйцэтгэхээр хойшлуулсан ч байдаг. Энэ туулай бол зөөлөн, эм жил учир аливаа үйл хэрэгт тохиромжтой, эерэг жил байх болно. Гэвч зарим нэг хүн танаас урваж шарваж, туулай шиг тогтворгүй байдал үзүүлж болзошгүй тул ажил явдалдаа хянуур бай, муу хүнээс сэрэмжил, түүнд бүү найд.
- Ер нь туулай жилд төрөгсөд ямар ааш араншинтай хүмүүс байдаг вэ?
- Хүний төөрөг бол зөвхөн жилээр тодорхойлогдохгүй л дээ. Манай хүмүүс төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг мэднэ гэж цэцэлж байдаг даа. Жилээс гадна сар, өдөр, гараг, цаг, мэнгэ, орд, од гээд олон зүйлээр тэр хүний бусдаас ялгарах шинж илэрнэ.
Гэхдээ төрсөн жил бол нэг тодорхой үзүүлэлт болно л доо. Зурхайд амин махбод, бие махбод, эрхтэн махбод, хийморь махбод, сүлд махбод гэж бий. Амин махбодоор усан туулай жилтэй хүн ямар байх вэ? гэх мэтээр таван махбодоор үзэх жишээтэй. Нийтлэг байдлаас нь товч дурдвал туулай жилтэн биеэ даасан, авьяас билэгтэй, нэр алдартай, сайн үйлийг эрхэмлэгч, хянамгай, мэдрэмжтэй, уур багатай, ухаалаг, хариуцлагатай, худалдаа наймаа, тоглоом наадам, бүжиг урлаг, спорт гэх мэт хөдөлгөөнтэй үйлд сайн.
Усан махбодтой учир чимээгүй тайван боловч байнгын оролдлогоороо зорилгодоо хүрч амжилт олдог. Хүчтэй эсэргүүцлийг дарах, номхотгох чадвартай. Аливаа зүйлд амархан зохицох чадвартай гэх мэт олон сайн чанар бий.
СҮЖИГ БАЙЖ ИТГЭЛ ОРШИНО
- Энэ жил ямар, ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?
- Мэдээж туулай жилтэй хүмүүс жил орж байгаа учир тусгайлан заслаа хийлгэх ёстой. Үүнийг манайхан сайн мэдэж, заслаа хийлгэдэг. Энэ жил морь, хулгана жилтэй хүмүүс бага харш, тахиа жилтэй хүмүүс их харш жил гарч буй учир анхаарч зохих заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүс мэнгэ голлох учир мэнгэний засал хийлгэнэ. Нашиддүрсүм, гүймигийг засуулах гэж бий. Хонь, гахай жилтэй хүмүүсийн ивээл жил гарч буй боловч гүймиг тохиох тул тусгайлан засал хийлгэх ёстой. Урвасан жил, эрхшээсэн мэнгэ, ямар суудалд сууж буйгаа мэдэж зохих цээрийг анхаарч заслаа хийлгэх ёстой.
- Засал хийлгэлгүй үл хайхардаг хүмүүс байдаг шүү дээ. Жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаар ямар үр дагавар гарч болох вэ?
- Хүн төрөлхтний олон мянган жил ашиглаж ирсэн нэн чухал зурхайн зурлагыг анхаарч ашиглахгүй явж эрсдэлд орж байгаа нь харамсалтай.
Өвчин зовлонд учирсан, осол эндэлд орсон, гай гарз гарсан, хэл аманд өртсөн гэх мэт нөхөж баршгүй зовлонд унаж, амь насаа ч алдсан хүмүүсийг үзэхэд жил орсон, харш жил нь тохиосон, нашидүрсүм, гүймиг, мэнгэ суудлын гэх мэт заслаа хийлгээгүй байх нь бий.
Өдөр, шөнө ээлжлэн эргэлддэг энэ орчлонд од эрхсийн сайн муу нөлөөлөл дор байгаа бидэнд гариг эрхсийн сөрөг нөлөөлөл ирж байдаг. Гагцхүү түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон зуун, мянган жилийн тэртээгээс эрдэмт дээдсийн хүн арддаа туслах гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр гаргасан энэ сайхан дээдийн номыг хэрэглэх нь хүн бүрийн анхааран авах ус агаар лугаа адил чухал нэгэн зүйл юм л даа.
- Заслын номоо заавал зурхайчид хандаж бичүүлэх ёстой юу. Сонин дээр гарснаар бичүүлчих нь зөв үү.
- Сонин, ном дээрээс хараад тохирох заслаа хийлгэж болно л доо. Гэхдээ яг өөртөө тохирсон оновчтой заслаа хийлгэе гэвэл зурхайчид хандсан нь дээр.Оновчтой болно. Зарим хүмүүс ижил жилтэй юм чинь адил засалтай гэж ойлгох нь бий. Жил ижил боловч ялгарах зүйл бас байж болно шүү дээ. Жилийн төөргийн чулууны үр хийгээд бусад олон зүйлээс шалтгаалан хийх засал хүн бүрт өөр байхыг анхаарах хэрэгтэй.
- Цаг үе нь ийм юм даа. Онлайнаар заслын номоо уншуулчхаж байна. Энэ нь хэр “чанартай” засал болдог юм бол доо.
- Цахим орчинд бид байгаа болохоор үүнийг ашиглаж бололгүй яах вэ. Гэхдээ лам багшийнхаа дэргэд суугаад ном уншуулж засал хийлгэх нь түүнтэй харьцуулшгүй. Ярьж харьцах, хандлага бишрэл өөр шүү дээ. Дээдийн ном тарнийн авианы давтамжийн хүч, адис жанлав гэж агуу юм байна.
- Эсвэл орон зайнаас үл хамааран, сүжиг чухал уу?
- Сүжиг хамгийн чухал. Сүжиг байж итгэл оршино. Үнэнхүү итгэл бишрэл байж чухаг дээд гуравт аврал одуулна шүү дээ. Ингэснээрээ түүнд чухаг дээд гурвын авралын ач тус ирнэ. Үүнд орон зай хамаарахгүй.
- Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.