ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Хадхүү: Гэрээт малчны төсөлд 520 гаруй гэр бүл хамрагдах боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-28

Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2018-2021 оныг дуустал хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд  “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалттай ажлын байр” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүүгээс тодрууллаа. 

-“Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг ХНХЯ-наас эхлүүлж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн дагуу Хөдөлмөрийг дэмжих  сангийн хөрөнгөөр тодорхой төслүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд нийтийг хамарсан ажил, мэргэжлийн түр сургалтын төв, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт олон янзын хөтөлбөр төслийг хэрэгжүүлдэг. Энэ оны хувьд ХНХ-ын сайдын санаачилгаар гэрээт малчин,  зохион байгуулалттай  ажлын байр бэлтгэх гэсэн хоёр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлуулсан. Тухайлбал, шинээр нэмж хоёр туршилтын төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэрээт малчны төсөл гэсэн үг.

-Гэрээт малчнаар бүрт­гүүл­­бэл  хаана хандах ёстой вэ? 

-Гэрээт малчны төслийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар заавар зөвлөгөөгөөр явах эсэхийг нь тодорхой нэр дурьдагдсан аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Гэрээт малчин гэдэг нь тодорхой хэмжээнд орон нутгаас буюу аймгаас сумандаа очиж ажиллах  хүн юм. Ингэхдээ тухайн хувь хүний судалгаа байх ёстой. Мөн ажил олгогч малчны судалгаа байх юм. Ингээд хоёр талын судалгааг аймгуудын хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, аймгуудын хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлтээ гаргана.  

-Хувь хүн хүсэлтээ гаргаад, тэнцлээ. Ажил олгогч нь бэлэн. Энэ тохиолдолд төрөөс ямар нэгэн дэмжлэг бий  юу?

-Аймгаас сум руу хүрэх зардлыг төрөөс олгоно. Тодруулбал, 50-200 км-т нүүвэл 150, 200-350 км-т 350, 351-500 км-т 500 мянган төгрөгийн зардлыг олгох юм. Үүнд хоёроос доошгүй гишүүнтэй гэр бүл байж болно гэж заасан. Мөн нийгмийн  болон эрүүл даатгалын шимтгэлийг төлөх гэх мэт боломжийг төрөөс олгож байна. 

-Гэрээт малчинд ямар шаардлага тавих вэ?

-18-59 насны гэр бүл. Хоёроос доошгүй гишүүнтэй байна.  Мөн хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан байх ёстой. 

-Ажил олгогч малчинд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-800-гаас дээш толгой мал­тай байна. Хамгийн чухал нь гэрээгээр малчин ажил­луу­лах хүсэлт гаргасан байх ёстой. Ажил олгогч сар бүр хөдөл­мө­рийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин хөлс олгоно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр гишүүнийг цалинжуулна гэсэн үг. Тухайн гэрээт малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангана.  

-Төсөл хэдэн аймагт хэрэгжих вэ?

-Аймаг бүр харилцан адилгүй байгаа. Зарим нь аймагт гэрээт малчны төсөл хэрэгжиж байгаа бол үлдсэн хэсэгт зохион байгуулалттай ажлын байр бэлтгэх төсөл хэрэгжиж байна. Гэрээт малчны төсөл 12 аймагт хэрэгжинэ. Тухайлбал, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь гэх мэт аймагт хэрэгжих юм. Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эдийн гол тулгуур болдог. Төсөлд энэ онд 520 гаруй гэр бүл хамрагдах боломжтой.