Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг М хэмээх 19 настай эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр “рашаан авна” гээд гэр бүлийнхнийхээ зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй байдаг.
Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулжээ.
Бүсгүй аймгийн төв дэх “Сансар” дэлгүүрийн үүдэнд машинаас бууж, улмаар төд удалгүй өөр нэг машинд сууж буй нь бичигдэж үлдсэний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус машины эзнийг олж тогтоожээ. Ингэснээр тухайн автомашины эзэн Баян-Өлгий аймагт оршин суух А гэх эр бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байна.
А гэгч нь тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж, улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг шуудайд хийж, аймгийн төвөөс 20 км-ийн зайд жорлонд хийж, булсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээж, цогцсыг нуусан газраа ч зааж өгсөн аж. Хэргийн талаарх мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдсаны дараа хохирогчийн ээж нь аймгийнхаа цагдаагийн газарт очсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсээс охиныг нь хөнөөсөн, цогцос нь олдсон гэх мэдээллийг ар гэрт нь өгөөгүй байхад мэдээлэл нийтэд цацагдсанд гомдолтой байгаагаа хохирогчийн ээж хэлжээ.