Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлсэн юм. Энэ талаар Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадуламаас тодрууллаа.
-Шалгалтаар ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй хэдэн сургууль, цэцэрлэг байна вэ?
-Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй 18 сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 41 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, 164 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль,146 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102,19,174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлүүд байна. Мөн 18 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэг, Сод, MIU, Номч нахиа сургууль, 227,127, 243, 250,176, 228, 146, 27, 41, 63 дугаар сургуулиуд ирэх есдүгээр сарын 1-нд сургалтын үйл ажиллагаа явуулахгүй.
-Эдгээр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн болох вэ?
-Янз бүр. Есдүгээр сарын 07-ноос хэвийн үйл ажиллагаа явуулах сургууль байна. Зарим нь ирэх аравдугаар сарын 15-наас орно. Цөөн хэд нь нэгдүгээр улирлын амралт дууссаны дараа орох байгаа. Мөн он гарсны дараа сургалтын үйл ажиллагаа эрхлэх байгууллага бий.
-Тухайн тойргийн хүүхдүүдийг яах вэ. Сурах орчинг нь яаж бүрдүүлэх вэ?
-Нийслэлийн боловсролын газартай хамтран тухайн хамран сургах тойргийн ойролцоох сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг тараан байршуулах ажил хийж байна. Сарын эхээр сургалтын үйл ажиллагаа хэвийн болох сургуулиудын хичээлийг дараагийн өдрүүдэд нөхөх талаар дүүргийн боловсролын хэлтсүүдэд чиглэл өгсөн.
-Шалгалтаар ямар, ямар зөрчил илүүтэй илэрч байна вэ?
-Төрийн өмчийн бус цэцэрлэгүүд багшлах боловсон хүчний гэрээ хийгээгүй. Мэргэжлийн бус боловсон хүчин ажиллуулж байсан зөрчил илэрсэн. Ерөнхий боловсролын сургууль бага ангийн багш, дуу хөгжмийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, техник, технологийн багшийн хангамж дутмаг байна. Мөн сургалтын орчин хангагдаагүй зөрчил нийтлэг илэрсэн юм. Камержуулалт хангалтгүй зөрчлүүд илэрлээ. Эдгээр зөрчлийг арилгуулахаар 465 заалт бүхий 73 албан шаардлагыг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
-Олон сургууль, цэцэрлэг цагтаа цуглаж чадахгүй, хэвийн ажиллагаа алдагдах нь гэж ойлгож болох уу?
-Урсгал болон их засварын санхүүжилт тендерийн асуудалтай холбоотой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль гурван жил дараалан барилга нь баригдаж байна. Компаниуд нь солигдож, барилгаа барьсаар л байна. Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг мөн адил санхүүжилтээс үүдэлтэй зөрчилтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, сургалтын дотоод орчин ажиллагаатай холбоогүй гэдгийг ойлгоорой.
-Сурагчийн дүрэмт хувцас, сурах бичгийн стандарт, үдийн цайны ханган нийлүүлэлтэд хяналт тавьсан уу?
-Хяналт шалгалтын хоёрдугаар шат нь есдүгээр сарын эхний 14 хоногт явуулж олон нийтэд мэдээлэх болно.