ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Өнөрцэцэг: “U money” карт алдагдалтай ажилладаг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-30

“U money” цахим карт зах зээлд нэвтрээд гурван жил өнгөрчээ. Картын хэрэглээ хэрхэн төлөвшиж цэгцэрсэн талаар “Улаанбаатар смарт карт” компаний Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Өнөрцэцэгтэй уулзаж тодрууллаа.  

-Нийслэлд “U money” карт бор­луулах хэдэн цэг байдаг вэ?
-Улаанбаатар хотын хэм­жээнд 500 цэгт карт борлуулна гэж нийслэлтэй гэрээлсэн. Өнөөд­рийн байдлаар 548 гэрээт цэг ажиллаж байна.

-Тухайн гэрээт цэгүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулна уу?
-Гэрээнд зааснаар өглөөний 07:00 цагаас орой нийтийн тээврийн үйлчилгээний автобус зогсох хүртэл карт борлуулна гэж тусгасан байдаг.

-“U money” хаягтай тусгай цэгүүд автобусны буудал дээр байгаа боловч ажилладаггүй гэж иргэд шүүмжилж байна шүү дээ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 124 цэгт байнгын зориулалтын “Led” дэлгэцтэй карт борлуулах цэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хоёр цэгийг туршилтын журмаар ажиллуулж байна. Явцын дунд бусад цэгүүдийг ашиглалтад оруулна.

-Нийтийн тээврийн хэрэгсэл камерын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг гэж боддог. Тиймээс үлдэгдэл хүрэлцэхгүй байх зарим тохиолдолд жолоочид бэлэн мөнгөөр тооцоо хийж болдоггүй юм уу. Хүүхэд хөтөлсөн эмэгтэйг картаа цэнэглээд ир гээд хөөгөөд буулгахыг харж байсан.
-Үйлчлэгчтэй үүссэн харилцааны маргааны талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулах нь зөв. Ер нь картын үлдэгдлээ урьдчилан шалгах боломжтой аппликейшнууд байдаг. Иргэд хэрэглэгч мөн л бол картаа байнга урьдчилж цэнэглүүлж байх хэрэгтэй.

-Тухайн автобусны буудал дээр карт борлуулах цэг хаалттай байвал дараа­гийн буудал руу алхах шаард­ла­гатай болдог. “U money” карт борлуулдаг цэгийн ажиллах цагийн хуваарь хүртээмжид хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Карт борлуулагчдыг хариу­цаж дөрвөн ажилтан нийс­лэлийн дөрвөн зүгт хөдөл­гөөнтэй хяналт хийж байнга шалгалт явуулдаг. 

-Сарын хязгааргүй эрхтэй үйлчлэлтэй картыг гэрээт цэгээр борлуулж болдоггүй юм уу?
-Хязгааргүй карт маань системд бүртгүүлж, идэвх­жүүлснээр ашиглах эрх нээгддэг. Тиймээс тодор­хой заасан цэгүүдэд л бор­луул­даг. Гэхдээ анхны удаа идэвхжүүлсэн картыг сар бүрийн 17-27-ны өдрийн тогтсон хугацаанд төлбөрөө хийснээр хязгааргүй үйлч­лэлээр ашиглах боломжтой.

-U money картын хэрэглээ жигдэрсэн үү. Улаанбаатар смарт карт компани зардлаа нөхөж ашигтай ажиллаж эхэлсэн үү?
-Манай картын хэрэглээгээр нийслэлийн нийтийн тээв­рийн дата хэмжигддэг. Ер нийтийн тээврийн байнгын үйлч­лүү­лэг­чид ашиглаж хэвшсэн. Ком­панийн хувьд өнгөрсөн гурван жи­лийн хуга­цаанд ашигтай ажиллаагүй ээ.

-Орлогыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Ашигтай ажиллахын тулд шугамын орлогыг нэмэгдүүлэх цаашлаад бусад төрлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаард­лагатай. Тухайлбал, ОХУ-д такси үйлчилгээнд нэвт­рүүлэх, жижиглэнгийн худалдаанд ашиглах гэх мэт. Картыг задгай мөнгөөр цэнэглэж болдог болсон. Энэ нь олон талын боломжуудыг нээж өгч байна.

-Дамжин суудаг эрх зарим тохиолдолд хэрэгждэггүй тухай иргэд шүүмжилдэг?
-Ихэнх тохиолдолд эхний автобусны орох гарах карт уншигч дээр картаа уншуулж дамжин суучихаад буухдаа гарах хаалганы карт уншигчид картаа уншуулдаггүй. Энэ тохиолдолд дараагийн дөрвөн цагийн дотор дамжин суух эрх идэвхждэггүй. Ямар ч тохиолдолд орох гарах хаалганы карт уншигчид картаа уншуулж байх хэрэгтэй.