ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: Монгол хэлний хичээлийн цагт өөрчлөлт ороогүй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-31

Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн цагийг хассан талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.  

-Монгол хэлний хичээлийн цагийг багасгаж,  сургалтын хөтөлбөр баталсан талаар иргэд шүүмжлэлтэй хандаад байна. Хичээлийн сургалтын хөтөлбөрийг батлахдаа цагийг багасгасан нь үнэн юм уу?  
-Цахим ертөнцөд  монгол хэл,  соёлтой холбоотой хичээлийн цагийг багасгаж,  өөрчлөлт оруулжээ гэсэн мэдээлэл гарсан. Албан ёсоор ташаа мэдээлэл гэдгийг анхааруулъя.

-Сургалтын хөтөлбөрт ямар  өөрчлөлт орсон юм бэ?
-Өмнөх жилүүдийн сургалтын хөтөлбөрт монгол хэл бичиг  70, уран зохиол 35 цаг. Эсвэл монгол хэл, бичиг, уран зохиол 105 цаг гэж багцлаад оруулдаг байсан. Ингэж багцлахаар монгол бичгийн хичээл огт орохгүй байгааг “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн судлаачид анхааруулсан. Гэтэл  “Монгол хэлний тухай хууль”-нд 2025 оноос бид хос бичигтэй болох ёстой. Төрийн албан ёсны албан бичгүүд монгол бичгээр явах ёстой гэсэн заалт орсон.  Энэ хуулийн бэлтгэл ажлыг хангах үүднээс “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн судлаачдын шаардлагын дагуу монгол хэл 35, уран зохиол 35, монгол бичиг 35 цаг орно гэж багцалж зааж өгсөн. Түүнээс биш өмнөх байсан 105 цагийг 35 цаг болгож бууруулсан асуудал байхгүй.

-Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөрийн цагт өөрчлөлт ороогүй гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Хичээлүүдийн судлах цагийг задалж, зааж өгснөөс гадна заавал судлах цагийн хичээл дээр монгол хэл, бичгийн цагийг оруулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан монгол хэл босго оноотой болох, монгол хэлний элсэлтийн шалгалтыг хоёр удаа авдаг болох гэх мэт бүх бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа.  Тиймээс  цаашдаа монгол хэлний хичээлийн сургалтын чанарт тодорхой ахиц гарна гэж үзэж байна.

-Уран зохиолын хичээл бага,  дунд,  ахлах ангид ялгаатай  орох уу. Хэдэн жилийн өмнөөс уран зохиолын хичээлийг хассан гэдэг яриа гарсан,  энэ үнэн үү?
-Хичээлийн хөтөлбөрт нэршлийг багцаар нь тавьж өгсөн. Агуулгын өөрчлөлт огт гараагүй гэсэн үг. Агуулгатай холбоотой бүх заавар,  зөвлөмжийг аймгуудын боловсролын газар болон холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлсэн. Үндэсний бичиг соёлыг дээдлэх, хүндлэх чиглэлээр хүүхдүүдийнхээ мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн зохицуулалт хийгдсэн. Цаашдаа хичээлийн цагийг нэмэх боломжтой.

-Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд монгол хэл, бичиг уран зохиолын хичээлээр ямар төвшний мэдлэгтэй болсон байх ёстой вэ?
-Мэдээж үндэсний өв соёл бичиг үсгээ дээдэлдэг. Эх хэлээрээ уран яруу ярьдаг. Алдаагүй зөв бичдэг, харилцдаг байх ёстой. Энэ бүх агуулга монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийн сургалтын хөтөлбөрт багтсан.