ЭХЭМҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шүдээ угааж байх үедээ ахтайгаа хөөцөлдөн тоглож мөргөлдсөнөөс гэмтэл авсан найман настай хүү иржээ. Хүүд тус эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн жижүүр эмч яаралтай тусламж үзүүлсэн байна.
Сойз амандаа хийсэн байх үедээ мөргөлдсөний улмаас сойз цохигдож толгой хэсэг нь хацрын булчинг нэвт цоолж арьсны доор хүрсэн байна.
Хүүхдийг эхлээд ГССҮТ-д хүргэжээ. Сойзны үс нь булчинтай зууралдсан учир гэмтлийн эмч нэмж зүслэг хийж шархыг томруулсан ч булчин нилээд чангарсан байсан учраас гаргах боломжгүй байжээ
Ингээд хүүг ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт ерөнхий унтуулгатайгаар хагалгаанд оруулж гадны биетийг авсан байна.
Бага насны хүүхдүүд амандаа халбага, савх, үзэг, харандаа зэрэг урт зүйл үмхэж яваад энэ төрлийн бэртэл гэмтэл авч ирэх тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа халамжаа нэмэгдүүлэхийг эмч нар анхааруулав.