Прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сард хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Тодруулбал, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 497 удаа танилцаж, 71 шалгалт, дөрвөн судалгаа хийсэн байна.
Шалгалтаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 116 зөрчлийг илрүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 29 шаардлага хүргүүлж, үр дүнг тооцож ажиллав.
Мөн ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 20 ялтны эрхийг сэргээх арга хэмжээ авчээ.
Тухайлбал,
- Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 13 ялтны ял эдлэх хугацаа дууссан байхад хилийн хоригийг цуцлаагүй.
- Торгох шийтгэлээр шийтгүүлсэн хоёр хүн шийтгэлээ бүрэн биелүүлсэн байхад дансыг нь битүүмжилсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй байсныг илрүүлж цуцлуулах арга хэмжээ авсан.
- Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацаа дууссан байхад ял эдлүүлж байсныг зогсоосон байна.
Дээрх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргасан ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлөх 140, хорих ангиудаас хоригдлыг хугацаанаас өмнө суллах 153 саналыг прокурор хянаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө суллах талаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.