ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” зургаа дахь жилдээ үргэлжилнэ

O.Admin
2023-05-12

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ болон ХААН банк хамтран зохион байгуулдаг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы энэ жилийн үйл ажиллагааны нээлтийг өчигдөр ХААН банк цамхагт хийлээ.

Оролцогч талуудын идэвхтэй хүчин чармайлтаар 2017 оноос хойш тогтвортой, үр дүнтэй хэрэгжиж буй энэхүү аяныг 12 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хүрээнд 600 гаруй эмч мэргэжилтнийг чадавхжуулж, 19 мянган хүнийг үзлэг шинжилгээнд хамруулаад байна.

Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд хамруулах зорилготой эрүүл мэндийн аяны нээлтийн үеэр оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ жилийн аяныг зургаадугаар сарын 18-23-нд Дундговь, Өвөрхангай, наймдугаар сарын 20-24-нд Завхан, Говь-Алтай аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулдаг юм.

Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийнэ.