ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
2023-05-30

Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Тэгвэл прокуророос түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Энэ хэргээс гадна прокурорын байгууллага 280 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, 

  • Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, кадастар  хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б нартай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд;
  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М, худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.Ц нар нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал ажилтай Д.Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5  дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Өмнөговь аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.А нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.