ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр төслийн бүтээн байгуулалт долоодугаар сард ашиглалтад орно

O.Admin
2023-05-30

“Эрдэнэс Тавантолгой” ХК хатуу болон хагас коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт гурван үйлдвэр барих бөгөөд тус бүр 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх юм.

Эхний шат болох Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 70 гаруй хувьтай хэрэгжиж, гүйцэтгэгч “Админерал” ХХК төслийг ирэх долоодугаар сард ашиглалтад өгөхөөр шуурхайлж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Тавантолгой ордын нүүрсийг олон жил сорчлон олборлож, өндөр чанартайг нь хамж борлуулдаг байдал буурч, уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд эдийн засгийн үр өгөөж ихтэйг “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтайг дурдсан. “Админерал” ХХК нь тус төслийг өөрийн хөрөнгөөр барьж буй бөгөөд барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.

Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн бөгөөд хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан нь томоохон амжилт болсныг компанийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана мэдээлэв. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум долларт хүрч, 2022 оны тавдугаар сартай харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байна.