ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Эвлэгзаяа: Зориод ирсэн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж, тав тухыг мэдрүүлэх юмсан гэж цаг ямагт хичээдэг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-02

Энэ дэлхийн бүх хүн ганцхан үсчний өмнө малгай тайлдаг гэх сайхан үг бий. Тиймээс энэхүү мэргэжлийг эзэмшсэн, салбараа өнгөлж, тэргүүлж  яваа “Заяа” салоны захирал Т.Эвлэгзаяаг “Эгэл амьдрал” буландаа онцолж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үсчин хэмээх мэргэжилтэй хэрхэн холбогдсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-18 настайдаа анх гоо сайхны салонд туслахаар ажилладаг байлаа. Тухайн үед өөрийнхөө хийх ёстой ажлуудыг гялс хийчихээд, зав гарахаар нь үсчидийн үс засаж байгааг хараад зогсчихдог байлаа. Зарим тохиолдолд хүний ус угаах, индүүлэх зэрэг ажлыг хийнэ. Эндээс л үсчин мэргэжилтэй болох сонирхол, мөрөөдөл, зорилго минь эхэлсэн дээ. Тэнд туслахаас гоо сайханч хүртэл хийсэн. Нэг л өдөр үсчин мэргэжлээр ажилламаар санагдаж, зорилго, мөрөөдөл, тэмүүлэлдээ хөтлөгдөөд ахдаа хэлсэн. Гэтэл ахын эхнэр “Туяарах” салоноор үйлчлүүлдэг байж таарсан. Тэгээд “Туяарах” салоны захирал Т.Туяа эгчтэй холбогдож, тэнд ажилд орлоо. Ер нь “Туяарах” салоноос үсчин болох гараагаа эхэлсэн дээ. Шууд үсчин болчихоогүй. Салондоо хоёр жил гаруй хугацаанд туслахаар ажилласан. Дараа нь мэргэжлийн үсчин болсон юм. Нийтдээ зургаан жил “Туяарах” салондоо ажилласан байна.

-Үсчин гэхээр хамгийн түрүүнд сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл мэдрэгддэг. Тэр ханамжийг бий болгох чадвар гэдэг яггүй л байдаг болов уу?

-Тийм шүү. Үс засах урлаг гэдэг тэр чигээрээ сэтгэл ханамж шүү дээ. Хүмүүс үсээ засуулж, гоё янзлуулаад гарна. Таалагдсан мэдрэмж шууд нүүрэнд нь тодордог байх жишээтэй. Үүнээс урам, зориг, эрч хүчийг авдаг. Ажил мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг гэж хэлж болно. Тиймээс хүмүүсийн сэтгэлд хүрсэн  үйлчилгээг цаг ямагт үзүүлэх юмсан гэж маш их хичээдэг.

-Бүхий л салбар хөгжлийн үе шаттай. Өсөлт, уналтын үетэй. Танай салбарын хувьд ямар байна вэ. Үс засалтын чиг хандлага одоо ямар шатанд явж байна?

-Одоо бол илүү эко болсон. Өмнө нь үйлчилгээ үзүүлж буй салонуудаар ороход их үнэртэй байлаа. Та бүхэн ч анзаарч байгаа болов уу. Хими, будаг үнэртээд л шууд хамарт мэдрэгддэг. Зарим үсчиний гараас харшил гарсан тохиолдол ч их байдаг байлаа. Магадгүй будагнаасаа харшилдаг байсан байх. Мөн устай сав руу нэг сам шидчихдэг. Буцаж гаргаад л өөр нэгний үсийг тайраад, үйлчилгээ үзүүлдэг тохиолдол олон харж байсан даа. Тэгвэл энэ үзэгдэл одоо ор мөргүй арилсан шүү. Салонууд ариун цэвэр талаасаа ч маш их өөрчлөгдсөн. Хэрэглэж буй бүтээгдэхүүн нь эко болж, гар, үсийг гэмтээхээ болилоо. Химийн бүтээгдэхүүнүүд хүртэл маш гоё болсон. Өмнө нь хими хийлгэсэн хүний үс арзайсан л байдаг байлаа. Одоо бол ороосон мэт гоё хөвсгөр  харагддаг болсон. Ингээд яриад байх юм бол цаг үеийн өөрчлөлтөд үргэлж, хөгжиж яваа салбар. Хэзээ ч нэг байрандаа байдаггүй. Үргэлж  хувьсаж, шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Үргэлж сайн талаасаа шүү дээ.

-Үсний загвар илүү ази талаа давамгайлаад байна уу. Сүүлийн үед их анзаарагдаж байна?

-Загварын хувьд маш их өөрчлөлт, хөгжилт гарсан. Одоо бол үсний засалт ази тал руугаа илүү давамгайлж байгаа гэсэн таны олж харсан өнцөг зөв шүү. Манай хувьд ч гэсэн энэ талыг илүү баримталж байгаа.

-Манай үсчид ур чадварын хувьд гологдохооргүй болсон, Ази байтугай дэлхийд үнэлэгддэг гэж сонссон. Та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Манайхан ур чадварын хувьд хаана ч гологдохгүй. Сэтгэлгээний хувьд болон сэтгэл санааны ханамж өгөх талаар илт давуу үнэлэгддэг. Уран сэтгэмжийн хувьд ч илүүрхэнэ. Тухайлбал, Европын орнуудад монголчууд очоод үс засвал маш сайхан хүлээж авдаг. Ур чадварын хувьд ч үнэлэгдсэн байдаг. Хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм билээ. МУГЖ Б.Сарантуяа эгчтэй Европын орнуудаар аялан тоглолт хийхэд нь дагалдаж явж байлаа. Хажуугаар нь  бусад хүнд бас үйлчилгээ үзүүлсэн хэрэг л дээ. Монголоос үсчин ирж гэнэ гэж сонсохоор, дотоодын фэйсбүүк групп битүү үйлчилгээ авах хүмүүс, сэтгэл ханамжтай үлдсэн талаараа бичсэн байдаг. Тэгэхээр хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадварыг өөртөө бий болгосон байдаг.

                         Үсчин хүн салоны үүдээр орж ирэхдээ л бүх асуудлаа гадна үлдээгээд орох ёстой

-Хүнтэй уулзаад хамгийн түрүүнд үсийг нь хардаг уу. Мэргэжил мэргэжлийн онцлог байдаг шүү дээ?

-Анх сурч байхдаа маш их анхаарч хардаг, ажигладаг байсан. Тухайн үед ингэж засвал гоё харагдана гэдэг ч юм уу бодол бас төрнө өө. Ийм засалт зохино энэ тэр гэж бодоод л. Гэхдээ одоо харьцангуй  гайгүй болсон. Энэ нь залуусын биеэ авч яваа байдал, үсний засалт, загвар, чиг хандлага гоё сайхан болсонтой холбоотой байх.

-Үсний загвар, будаг, бүтээгдэхүүнийг солонгосчууд эзэлж байх шиг байна. Танай салон  ямар брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж, үйлчилгээ үзүүлж байна вэ?

-БНСУ нь өөрөө бүтээгдэхүүдээрээ алдартай. Тэр нь ч их нөлөөлдөг байх. Гадны олон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, өөрийн гэсэн зах зээлтэй. Хаана ч том орон эзэлж байна шүү дээ. Манайх Германы “Велла” брэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Өнгөний гаргалтыг тухайн үйлчлүүлэгчдээ зуун хувь гаргаж өгч чаддаг гэсэн үг. Химийн хувьд солонгос бүтээгдэхүүн хэрэглэдэг. Маш зөөлөн байдаг юм. Үс гэмтээдэггүй. Өөрөөр хэлбэл, дижитал, тосон химийг хэрэглэдэг байгаа.

-Та бүхэн маань үйл ажиллагаагаа өргөжүүлээд “Хүннү молл” руу нүүх гэж байгаа гэсэн?

-Манай үйлчлэгчид андахгүй байх аа. Бид байнгын үйлчлүүлэгч олонтой. Гэхдээ өнөөдрийг хүртэл тоолж үзэж байгаагүй юм байна шүү /инээв/. Тиймээс үйлчлүүлэгч нартаа илүү тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээ үзүүлэхээр “Хүннү молл” руу нүүхээр болсон. Засвар үйлчилгээгээ дуусгаад, албан ёсоор нүүнэ дээ. Нэг удаа үйлчилгээ аваад, сэтгэл ханамж авсан хүн дараа нь өөрөө зориод л хүрээд ирдэг. Үйлчилгээг тогтмол байнгын үйлчлүүлэгч нартаа үзүүлдэг. Зам зуур явж байгаад үйлчилгээ авахаар хүн бараг л орж ирдэггүй.

 

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий Клуд Жуйяард багш “Мэргэжил дээшлүүлэх мастер” сургалтыг зохион байгуулсан юм билээ. Энэхүү сургалт Монголд анх удаа зохион байгуулагдсан гэж сонссон. Та хамрагдсан гэсэн. Мэдээлэл өгөөч?

-Францаас олон улсын багш ирсэн. Энэхүү сургалтад нийтдээ шилдэг гэсэн 15 салоны захирлууд хамрагдлаа. Сургалт нийтдээ дөрвөн хоногийн хугацаанд өрнөсөн. Сургалтаас зөвхөн хүний үсийг тайраад гаргах бус стиль имиж талаас нь хэрхэн зөвлөх вэ гэх мэт мэдлэгт түлхүү суралцлаа. Хүний царай төрхөнд тааруулж, дигначилах буюу тодорхойлдог болсон. Таны царай төрх, биеийн галбирт нь тааруулж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Сургалтад хамрагдсанаар зэрэглэл дээшилж байна гэж ойлгож болно. Сэтгэлдээ хүртэлх үйлчилгээ авах юм. Өөрөөр хэлбэл, дан ганц үсний засалтаар нь дамжуулж тухайн хүнийг бүтээнэ. Царай төрхөнд нь тохируулж,  өнгөний код хүртэл гаргаж байгаа. Ер нь үүнтэй адил гэж ойлгож болох юм.  

-Ажил, амьдралын нэг зарчим байдаг шүү дээ. Таны хувьд хэр зарчимч вэ?

-Төдийгөөс өдий хүртэл ажлаа дээгүүр тавьж явсаар энэ хэмжээнд иржээ. Ажил мэргэжилдээ илүүтэй анхаараад ирэхээр ар гэр жаахан орхигддог. Үйлчилгээний салбар ийм л байдаг. Өөрийн цаг заваар биш бусдын шаардлагад нийцүүлнэ. Ямар ч хүн өөрийнхөө цаг завд тохируулж үйлчилгээ авдаг. Зориод ирэхэд гоё үйлчилгээ, сэтгэл ханамж, тав тухыг мэдрүүлэх юмсан гэж хичээдэг. Ийм байхыг л зорьж ирсэн. Цаашид шавь нар маань ч гэсэн энэ салбарыг өнгөлөөд тодорхойлоод хөгжүүлээд хөтлөөд явах байх аа.

-Та шавь олонтой юу?

-Олон биш. Манай мэргэжил өөрөө байнгын хувьсалтай. Улам чадвараа хөгжүүлээд өөрсдийн карьераа хөөгөөд явчихдаг. Нийгэмд ч эрэлт, хэрэгцээ ихтэй мэргэжил шүү дээ. Бараг хайч, сам хоёр байхад хоолоо олоод идчих мэргэжил. Гэхдээ маш сайн сурах ёстой. Тэр хэрээр сэтгэл зүрхээ зориулах шаардлагатай.

-Өөрт тань шавь ороод сурч хөгжөөд явъя гэхэд нээлттэй юу?

-Сурахаар зорьж ирсэн хэн нэгний суурийг сайн тавьж өгөх юмсан гэж боддог. Суурь нь сайн тавигдсан байхад цаашид алзахгүй. Харин ч өөрийгөө хөгжүүлээд явах эрх нээлттэй байдаг. Суурь муу бол хэцүү дээ. Тиймээс анхнаасаа сууриа зөв тавих ёстой. Манай багш үсчин гэдэг мэргэжил чинь 10 хувь нь ур чадвар, 90 хувь нь сэтгэл шүү гэж анх зааж сургасан. Би ч энэ зарчмаар явдаг. Сэтгэлээ зориулж байж, тухайн үйлчлүүлэгчид тааламжтай, ханамжтай байна. Хүндээ ч, өөртөө ч гоё мэдрэмж үлдээдэг.  

-Сэтгэл санааны хувьд маш тогтвортой байх шаардлагатай. Ер нь алдаа гаргаж боломгүй байдаг?

-Хатуу шүү дээ. Салоны хаалгаар орж ирсэн бол гэр оронд болсон үйл явдлыг мартах ёстой. Хаалганы цаана асуудлаа үлдээгээд орж ирэх ёстой юм. Тэгж байж ажил явна. Үүнийг бас баримталдаг. Ер нь царайнаас нь андашгүй байдаг. Тиймээс үйлчлүүлэгч хүртэл жийрхэх, итгэлгүй байх тохиолдол гарна. Болгоомжлол үүснэ. Алдаа гаргах эрхгүй ажил. Харин үнэхээр сайн байх юм бол үйлчлүүлэгчээс ирэх урам зоригийн үг хүч өгнө. Үр дүн нь шууд мэдрэгддэг мэргэжил юм даа.

-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Манайд 10-аад хүн ажилладаг. Мэргэжлийн үсчин 5-6 хүн бий. Манюкур, гоо сайхан ч хоёр, хоёр,  хүлээн авахын нэг хүнтэй. Хэр чадлаараа зүтгээд л байна. Өөрөөр хэлбэл, 10-аад хүнийг тогтмол ажлын байраар хангаад явж байна.

-Гадаад ажилтан байсан?

-Манай гадаад ажилтан сормуусаа дагнаж ажилладаг. Хар багаасаа Монголд өссөн охин бий. Монголоор ус цас ярина. Түүнээс гадна салоноо нэг дахин томруулаад өргөжүүлээд, илүү тав тухтай байдлыг хангахаар Яармаг руу нүүж байна. Та хэд маань зориод ирээрэй, баярлалаа.