Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ. Зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг.
Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2,225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг аж.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах "Эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргах ажлыг эхэлж байна. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Иймээс үүнийг шийдэх нь нэн чухал.
Мөн иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Дөрвөн амны иргэдтэй төлөвлөлт хийж байгаа компани өнгөрсөн жилээс уулзаж, мэдээлэл өгсөн.
Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг татах асуудал бол бий. Шадивланд 2,500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр өртөж байгаа. Иргэдтэй уулзахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн" гэжээ.
Шадивлангийн иргэд орц, гарц гаргах ажил өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Энэ бол зусланд нэн зайлшгүй хийх шаардлагатай ажил. Гэвч иргэд кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц гаргах гэхээр зөвхөн өөрийн эрх ашгаа бодож дэмжихгүй, эсэргүүцэх тохиолдол байдаг гэсэн байна.
Мөн нийт иргэдийн эрх ашгийг харгалзан, орц, гарц гаргах ажилд идэвхтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалжээ.