ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГХЯ: Хүүг ээж нь авахаас татгалзсан учраас аавтайгаа хамт нутаг буцахаас аргагүй болсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-15

Сошиал орчинд БНСУ-ын Цагаачлалын алба хууль бусаар оршиж сууж байсан иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гурван настай, архаг хууч өвчтэй монгол хүүг эцэгтэй нь хамт насанд хүрэгчдийг саатуулдаг подвалийн өрөөнд олон хоногоор саатуулж, улмаар хүүд ямар нэг анхаарал тавиагүйгээс хүү өвдсөн, мөн хүүд тусад нь бус аавтай нь хамт хувааж идэхээр бага хоол өгч байсан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн тус улсын хэвлэл мэдээллүүд хоригдож байсан өрөөнийх нь видео бичлэгийг олон нийтэд цацсан талаарх мэдээлэл гарлаа.

Харин тус улсын Хуульзүйн яам болон Цагаачлалын алба нь "Хүүг авах, харж хандах хүн байгаагүй. Аав нь боловсролын байгууллагад хүсэлт гаргасан гэж байгаа ч тийм зүйл болоогүй. Цаашдаа бид хүүхдийн асуудалд илүүтэй анхаарна" гэх хариу тайлбар өгчээ. 

Тэгвэл энэ асуудалд тус улсад суугаа Монголын Элчин сайдын яам болон Консулын хэлтэс ямар арга хэмжээ авсан талаар ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Уг асуудалд нь өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон асуудал. Харин уг асуудлыг одоо л БНСУ-ын хэвлэлүүд сөхөж буй юм билээ. Солонгос дах манай Консулын алба тухайн үед нэлээн анхаарал хандуулж ажиллаж байсан.

Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байсан. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Хүүхдэд асран хамгаалагч олж өгөх гэж нэлээн хөөцөлдөж байсан. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалсан.

Мэдээж манай холбогдох байгууллагууд иргэдийнхөө төлөө зохих арга хэмжээг авч болохоос болохгүй хүртэл л ажиллаж байдаг. Мэдээж тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон" гэх тайлбар өглөө.