Хийдэд шавилан суухаар очоод хоёр сар болсон хүү болон түүний ээж нь мэдээллийн сайтад "Хийдийн лам нар хүүг минь хүчирхийллээ. Дотуур хувцас нь цус болчихсон байсан учраас шүүх эмнэлэгт хандахад урагдалттай, улайсан гэсэн дүгнэлт гарлаа. Хийдэд шавилж буй залуу лам нар хүүг минь хүчирхийлж, чи Энэтхэг явах гэж байгаа бол үүнийг хийлгэж сурах ёстой гэх мэтээр дарамталсан" гэх мэдээллийг өгсөн билээ.
Мөн хүү ч ээжийнхээ мэдээллийг нотолсон зүйлсийг хэвлэлд ярьсан. Тэгвэл энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс "хүчиндэх" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор нотлох баримт хангалттай олдоогүй байгаа аж.
Хийдийн лам нарыг нэгбүрчлэн байцааж, хэрэгт холбогдох материал болон тухайн хэргийг үйлдсэн гэх хүмүүсээс ч мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл гарсны дараа Гандантэгчэнлин хийдээс албан ёсоор олон нийтэд хандан мэдээлэл өгөхөөр болжээ. Тус хийдийн хувьд маш олон хүүхдийг дотуур байрандаа сургаж байсан бөгөөд өмнө нь ийм зүйл гарч байгаагүй учраас хэргийн үнэн мөн олдох хүртэл чимээгүй байхаар шийджээ.
Лам нар хүчингийн хэрэгт холбогдож буй асуудал ганц энэ удаа биш бөгөөд өмнө нь Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн гурван лам, н.Батаахүү гэгч ламаас гадна насанд хүрээгүй охиныг хүчиндсэн, тусдаа засал хийнэ хэмээн 15 настай охинд хүч хэрэглэсэн ламын хэрэг гэх мэтээр маш олон хүчингийн хэрэг үйлдэгдэж байжээ.