УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны томилолттой ажиллаж буй учраас Их хурлын Дэд дарга Л.Мөнхбаатар хуралдааныг даргалж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлтэй холбогдуулан цөөнгүй гишүүд санал шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Татвар төлөгчдийн мөнгөөр талон олгоно гэнэ үү. Энэ чинь юу гэсэн үг вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлах ийм заалтыг оруулж ирэх нь зөв юм уу. Бас бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулна гэнэ. Ийм сангийн хэрэг байгаа юм уу. Бас бүтээлч үйлдвэрлэлийг төр татвараар дэмжинэ гэнэ. Энд хариулт өгөөч” гэв.
Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ “Шинэ эдийн засгийг бид бойжуулж байна гэсэн үг. Аль хэсэгт нь ямар дэмжлэг үзүүлвэл тодорхой хөгжил бий болох вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Соёлын ваучер бий болгож, 100 хүртэл мянган төгрөгийг хүүхдүүдэд олгоно.
Соёл хүртэж сурсан иргэдийг бий болгох зорилготой юм. НҮБ-ын 2020 оны судалгаанаас харахад өсвөр насныхан хүний хөгжил болон соёлын арга хэмжээнд огт оролцдоггүй, тийм үйлчилгээ авдаггүй юм байна. Тиймээс энэхүү ваучерыг ашиглан соёлоор дамжуулан өөрийн үндэсний өв соёлоор бахархах боломж бий болгоно. Англи, Америк зэрэг улс орнууд энэхүү аргыг түгээмэл хэрэглэж, соёлтой иргэдээ бойжуулдаг байсан учраас соёлын ваучераар 14-16 насныхан соёлын арга хэмжээнд оролцох боломжтой” гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Та маш хариуцлагагүй үг хэллээ. Соёлын бодлого 20 жил алдагдсан гэж байна. Бид харин ч яамны дэргэд энэ бодлогыг зангидаад явж байсан юм шүү. Хүүхдийн гар утасны хэрэглээг хянана гэсэн яасан. Соёл урлагийг дэмжих санг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний оюун бодлыг үнэ төлбөргүй сэхээрүүлж ухааруулах чиглэлд ажил хий. Хүүхдэд чиглэсэн контент чинь хэзээ дуусах вэ. Хүмүүсээ соён гэгээрүүлэх ажлаа хэзээ хийх вэ” гэв.
Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарын бодлого орхигдсон гэдэг нь үнэн шүү дээ. Кино урлагийг дэмжих сангийн хүрээнд хүүхдийн кино уран бүтээлийг дэмжих ажлууд хийгдэж байгаа. Хүний оюун санааг соёл урлагаар дэмжихэд төсөвгүй явна гэж байхгүй ээ. Кино урлагийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сан шинээр байгуулагдаагүй. Өмнө нь байсныг нь шинэчлэн нэрлэж оруулж ирсэн. Хүүхдэд зориулсан маш олон анимейшн, контентууд бий болсон. Үндэсний агуулгатай контент маш бага байгаа учраас үндэсний шатанд эдгээрийг дэмжинэ гэсэн маш том агуулга хуульд байгаа” гэсэн хариулт өглөө.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ваучер гэж байснаас хүүхдүүдийг урлагийн үзвэр үйлчилгээнд үнэгүй оруулж болохгүй юм уу" гэсэн асуултад салбарын сайд музей үнэгүй үзэх эрх бол байгаа. Гэхдээ өсвөр насныхан дан ганц музей бус бусад салбарын үйлчилгээ авах, ном худалдаж авах зэргээр шийдвэр гаргаж сурах ёстой гэж үзэн энэ заалтыг оруулсан гэлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.