Гандан хийдэд шавилан суухаар очоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байсан бяцхан хүү 16 настай ламхай нарт хүчиндүүлж, улмаар энэ асуудлыг ээждээ хэлснээр олон нийтэд уг асуудал ил болсон билээ.
Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж, нэр бүхий хүүхдүүдийг дуудаж уулзсан бөгөөд хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд нэгээр тогтохгүй гарч ирсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ асуудлаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийв.
Тус хийдийн Гандан телевизийн захирал Ж.Одгарьд “Манай хийд болон хууль хяналтын байгууллага тухайн хэрэг явдал гарсан байж болзошгүй гэж үзэн өндөр хяналт тавин шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хэн нэгнийг буруутгаж болохгүй. Бид өнгөрсөн хугацаанд мэдээлэл авахыг хүссэн хэвлэлүүдэд мэдээлэл тогтмол өгч байсан. “Neguun.mn” сайт анхлан манайхаас энэ асуудлыг тодруулахаар ирсний дараа Гандантэгчэнлин хийдийн лам, удирдлагууд цуглаж хуралдан уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон байдаг. Шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад нийгмийн сүлжээгээр шүүх, бүх лам хуваргуудын нэр хүндэд халдах явдал хэрээс хэтэрлээ.
Манай хийд бол соёлын өвийн онцгой бүс. Соёлын үнэт өв рүү зүй бусаар хандах, бүх лам хуваргуудыг харлуулах, нэр бүхий улстөрчид хүртэл улс төр хийж, удаа дараа болж байсан гэх мэтээр ярьж буй нь зохимжгүй юм. Бид маш их цочирдож байна. Одоо ярихад ч эвгүй байна. Нийгэм талцаж, хоорондоо маргаж, сүм хийдийг гутаан доромжилж байгаад харамсаж байна. Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид та бүхэн ч үнэн зөв мэдээлэл өгөөрэй. Гандантэгчэнлин хийд хэн нэгнийг өмгөөлөх юм уу, хийдийн нэр хүндээ хамгаалах гэж суугаагүй. Харин хүүхдийн эрхийн төлөө явна. Тухайн хүүхдийн нэрийг зарлаж болохгүй шүү дээ. Тэр хүүхэд цаашаа амьдарна. Шүүх тогтоогоогүй байхад хүүхдийн нэр зарлаж болохгүй” хэмээлээ.
Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам “Гандантэгчэнлин хийдэд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хүүхдийн асуудал, хүний эрхийн шалгалт тогтмол ирж, бид шалгуулж байсан. Дотоододоо бид нөхцөл байдлын асуудлаар хариу арга хэмжээ авч байна” гэсэн бол тус хийдийн Нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар “Тэрхүү ярилцлагыг хийхдээ хүүхдүүдийн нэр усыг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд маш ноцтой халдсан үйл явдал болсон. Тухайн хүүхдүүд нийгэмд ялгаварлагдан гадуурхагдах асуудал үүслээ.
Тэрхүү ярилцлагыг зориуд мушгиж, өлгөж аван Монгол, Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийн нэр хүндэд халдаж байгаа асуудал гарч байна. Тэр хүүхдүүд Монгол Улсын иргэн. Та бидний ах дүүсийн үр хүүхдүүд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Хүүхдийн асуудал маш эмзэг. Тиймээс та бүхэн хамтарч ажиллаасай гэж хүсье. Монголчууд бид маш цөөхүүлээ. Өвөр хоорондоо эв зүйтэй байж энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Цорж лам, Гавж Б.Чойжилсүрэн ярихдаа “Ийм асуудал Буддын шашинд байдаггүй зүйл. Би 1990 оноос хойш энэ газар шавилан сууж явж байна. Сая энэ асуудлаас үүдээд төрийн албан тушаалтнууд болчимгүй үг хэлж байгаа. Бурхан шашны сахил санваар олон янз. Хамгийн доод түвшний сахил санваар дотор лам нар эхнэртэй байж болно гэж үздэг.
Хурьцал үйлдэж болохыг зөвшөөрдөг. Өөрийн эхнэр хүнтэй л болно гэж үздэг. Зүй бусаар харин орж болохгүй. Бөгс, ам тэргүүтнээр хийж болохгүй гэж эмэгтэй дээр хориглож байхад эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ байж хэрхэвч болохгүй. Энэ бол гаж үйлдэл юм. Лам нарыг гомо, гей гэх мэтээр гүтгэж байгаа нь байж боломгүй зүйл. 1937 оноос хойш гарсан уран бүтээлүүдэд лам нарыг удаа дараа гутааж, хэлмэгдүүлж байсан. Энэ үйлдлээр ч бид хэлмэгдүүлж байна” гэдэг байр суурь илэрхийллээ.