Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний тестийг өнөөдөр 12.00-13.30 цагийн хооронд өглөө. Эдгээр оюутны суралцах чадварын ерөнхий үнэлгээгээр боловсролын зээл олгоно гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлж байлаа. Тэтгэлгийг нээлттэй, ил тод зохион байгуулж буй учраас Боловсролын үнэлгээний төвийнхөн өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм.
БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэхдээ “Дэлхийн ТОП сургуулиудаас суралцах эрх авна гэдэг маш том амжилт. Суурь оноогоо авчихсан байгаа 100 хүүхэд бүгд л мундаг чадвартай хүүхдүүд. Гэвч, эдгээр 100 хүүхэд бүгд зээл авч чадахгүй. Энэ жил 50 хүүхдэд л квот олдож байгаа. Дөрвөн үндсэн шалгуураас гадна суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэдгийг нэмж оруулж ирлээ.
Суралцах чадварын ерөнхий үнэлгээг дэлхийн шилдэг Их дээд сургуулиуд элсэж байгаа оюутнуудадаа тавьдаг. “Зөөлөн ур чадвар”-ыг хэрхэн эзэмшсэн байна гэдгээс шалтгаалдаг болсон. Тиймээс суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр хийж байна. Аль нэг хичээл дээр суурилдаггүй. Танин мэдэхүйн чадвар, хувь хүний өсөлт хөгжил, хүн хоорондын харилцааны чиглэлийг тус тус үнэлнэ.
100 хүүхдийг авсан онооны дарааллаар эрэмбэлж жагсаагаад, эхний 50 оюутанд БЗС-гаас зээл олгоно. Суралцах чадварын үнэлгээг танхимаар болон цахимаар зохион байгуулж байна. Учир нь шалгуур хангасан 100 хүүхдээс 15 нь гадаад улсад байгаа учраас цахимаар оруулж байгаа юм. 90 минутын хугацаанд тестээ бөглөж дуусаад, шууд засалтаар оноог жагсаагаад олон нийтэд зарлана. Шалгалтын оноог засахад эцэг эхчүүд хянаад явна” гэлээ.
Харин БШУЯ-ны Гадаад харилцааны газрын дарга Ш.Нарантуяа хэлэхдээ “Гадаадын их дээд сургуульд суралцах эрхээ хангаж, зээл хүссэн 133 хүүхдээс 33 хүүхэд хасагдсан. Хэлний оноо, сургуулийн эрэмбэ хоёроос шалтгаалж хасагдсан хэрэг. Энэ жилээс эхлэн бүх тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын хүсэлтийг нэгдсэн сувгаар хүлээн авч, хүний оролцоогүйгээр автоматжуулалтаар үнэлгээжүүлж эхэлсэн. Топ 50 сургуульд элссэн суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ээс тавдугаар сарын 11 хүртэл цахимаар олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын явцын дөрвөн суурь үнэлгээгээр үнэлж, оноожуулсан.
-Нэгдүгээрт, сургуулийн эрэмбэ
-Хоёрдугаарт, хэлний оноо
-Гуравдугаарт, тэргүүлэх мэргэжил мөн эсэх
-Дөрөвдүгээрт, голч дүн шалгуур хангасан эсэх
Дэлхийн топ сургуулиудын чансааг тогтоодог "Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр үнэлгээг хийсэн. Тухайлбал, урилга авсан суралцагч 1-10-т жагссан сургуульд элсэх урилга авсан бол 5 оноо, 11-20-д жагссан сургуулийн урилга авсан бол 4 оноо, 21-30-д жагссан сургуульд суралцах урилга авсан бол 3 оноо, 31-40-д жагссан сургуульд элсэх урилга авсан бол 2 оноо, 41-50-д жагссан сургуульд элсэх урилга авсан бол 1 онооны үнэлгээ өгсөн" гэв.
Зээлийн сангаар суралцах суралцагчдын нэр эцэслэж гараагүй, мөн ямар сургуульд хэдий хэр хэмжээний төлбөртэй суралцах эсэх нь эцэслэж гараагүй учраас БЗС-гаас тэдэн төгрөгийн санхүүжилт өгнө гэдгийг хэлэхэд эрт байгаа аж. Суралцагчид зээлийн шалгуур хангасан тохиолдолд БЗС-д очиж Сангийн яамнаас батлагдсан гэрээг байгуулах бөгөөд түүнд заасан үүрэг, хариуцлагаа хүлээгээд явна гэлээ.