ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Мандахцэцэн: Шивээс хийлгэснээр элэгний Д вирусын халдвар авах эрсдэлтэй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-03

Элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтын гол шалтгаан болсоор удаж байна. Хорт хавдар үүсгэгч Д вирусын талаар Био инновацийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Х.Мандахцэцэнгээс тодрууллаа.

-Элэгний Д вирусын талаар мэдээлэл өгнө үү?
-Дельта вируст халдвар нь дангаараа тохиолдох нь ховор байдаг. Ихэвчлэн В вирустэй хавсарч явагддаг. Өвчний эхлэл нь ихэвчлэн цочмог, В вируст гепатитын шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд энэ өвчин нь хүнд явцтай явагдаж цаашид шууд хүнд хэлбэрийн архаг гепатитад шилжих эрсдэл­тэй байдаг.

-Хэр аюултай вирус вэ?
-Дельта вируст гепатитын вирус нь дангаараа эс­ийг өвчлүүлж чадахгүй. Зөвхөн В гепатитын вирусын оролцоотойгоор репликаци болдог.  Цочмог хавсарсан халдвараар өвчлөгчдийн 1-3 хувь давхарласан халдвар, 70-80 хувь нь архагшина. Архаг халдвараар өвчлөгчдийн 60-80 хувь нь циррозид шилжих ба элэгний хавдраар өвчлөх эрсдэл гурав дахин нэмэгддэг.

-Ямар замаар халдварладаг вэ?
-Цочмог болон архаг дельта вирус тээгчээс /цус, бохир багаж, зүү тариур/, бэлгийн замаар мөн эхээс урагт дамждаг. Нууц үе 2-6 долоо хоног байдаг. Бүх насныхан энэ өвчинд өртөх боловч В вируст цочмог, архаг үрэвсэлтэй өвчтөн, В вирус тээгчид Д вируст өртөмтгий юм.

-Вирусээр халдварласан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?  
-Дельта вирусын эмнэлзүйн шинж бусад гепатитын шинж тэмдгүүдтэй адил эхний үед бие сулрах, дотор муухайрах, огиудас хүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хордлогын шинж, шээс өтгөрөх, арьс салст шархлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

-Манай улсад энэ өвчний тархалтын талаар хийгдсэн судалгаа байдаг уу?
-Судлаач О.Баатархүү, Г.Зулхүү нарын хийсэн судалгаагаар 2006-2008  онд Д вируст гепатитаар өвчилсөн 420 тохиолдлоос зургаан хувь нь 0-9 нас, 35 хувь нь 10-19 нас, 46 хувь 20-29 нас, таван хувь нь 30-39 нас, таван хувь нь 40-49 нас харин гурван хувь нь 50-иас дээш насныхан халдвартай гарсан байдаг.  

-Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн түрүүнд гепатитын В болон Д вирус тодорхойлох шинжилгээ өг. Гэр бүлийн аль нэг гишүүн гепатит В вирусын халдвартай бол шинжилгээ хийлгэнэ. Гепатитын В-ийн эсрэг гурван тунт вакцинд хамрагдаж болно. Мөн ахуйн ариун цэвэр сайтар сахих, бохир зүү тариур хэрэглэх­гүй байх. Шаардлагагүй бол шивээс хийлгэхгүй байж, шүдний эмнэлэгт очихдоо шинжилгээ өгч, халдваргүй тасгаар үйлчлүүлэх хэрэгтэй.

-Д вирусын халдвартайгаа мэдсэн хүн ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Халдвартай тохиолдолд мэргэжлийн эмчид хан­даж эмчилгээ хийл­гэх ба хяналтад байх шаардлагатай.