Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн “Эв мөнхийн тусгаар Монгол” Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн харууллаа.
I бүлэг - Эв мөнхийн дуулал
II бүлэг - Хөлгөн туульс
III бүлэг - Их Монголын заяан цаг
IV бүлэг - Гурван цагийн нүүдэл
V бүлэг - Алтан тэвшийн хөг аялгуу
VI бүлэг - Дэлхийн Монгол
Нээлтийн үйл ажиллагааны I бүлэг - Эв мөнхийн дуулал
Наадмын нээлтийн үйл ажиллагаа зургаан бүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба эхний бүлгийг “Эв мөнхийн дуулал” хэмээн нэрлэжээ.
Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших төрийн тахилгат 12 хайрхнаа алдаршуулан аргадаж, сүр хүчээр бадраан тахих бол бидний өвөг дээдсийн хүчирхэгжин мандсан 13-р зууны эв эеийг сахих сургаал нь монголчуудын нийгэм, төрийн оршихуй, тэнгэрлэг зарчим төдийгүй хүний өөрийнх нь мөн чанартай холбогдож, нийгмийн нэгжээс эхлэн олон улсын хүрээнд байх ёстой зохистой хэм хэмжээ учирлан “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр цэцэн үгнээс улбаатай Алунгоо хатны эв эеийг сахих сургаал, “Монголын нууц товчоон”-д дурдсанчлан эв эеийг сахиж төгөлдөржин хүчирхэгжихийг бэлгэдэх, эвлэлдэн нэгдсэн ард түмэн гэх утга санааг илэрхийлжээ.
Энэхүү уул хайрхдын магтуу шинэ дуу нь төрийн тахилгатай Бурхан халдун, Хан Хөхүй, Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай хайрхан, Алтан хөхий, Алтайн таван Богд, Сутай хайрхан, Их Богд, Ноён уул, Говь гурван сайхан, Алтан овоо хайрхдад зориулсан этник магтлага дуу байх бөгөөд тухайн 12 нутаг усны онцлог хөгжмийн зэмсгийг шингээн багтаасан байна.
Тус 12 хайрханы магтуу дууг анх удаа “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадамд тоглогдсон бөгөөд үгийг ШУ-ны Гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор С.Дулам, аяыг хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, МУГЗ Б.Чинбат нар зохиож ард түмэндээ хүргэлээ.
Тус хэсэгт Жонон хамтлаг, Хөсөгтөн хамтлаг, Түмэн эх чуулга, Монголиан энтертайнментын уран бүтээлчид, цэргийн албан хаагчид болон аймгуудын соёлын өвийг тээгчид олны хэсэгт оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны II бүлэг - Хөлгөн туульс
Наадмын нээлтийн үйл ажиллагаа зургаан бүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба хоёрдугаар бүлгийг “Хөлгөн туульс” хэмээн нэрлэжээ.
Эцэг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бидний үнэт өв, бахархалт дүр төрх, түүхийн гайхамшиг, нүүдэлчдийн хосгүй хувь тавилан, бусдаас ялгарах ялгамж бүхнийг алдаршуулан бадрааж бахархуулан сэрээв.
Хоёрдугаар бүлгийн нэр нь “Хөлгөн туульс” бөгөөд Монгол түмний байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэн мөнхөд амьдрах гүн утга агуулга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд их түүх соёл уламжлалаа үл мартан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго дор дэлхийд ганцхан наран дор баярлан наадах “Эрийн гурван наадмаа” хийж бахархал омогшлоо бадрааж, нэг үндэстэн нэгэн цул гэсэн нэгдмэл сэтгэлгээний чанар бий болгож түүнээс оюун санааны эрч хүч, энергийн төвлөрөл авч дараа жилийн наадам хүртэл хүн ардын бие бялдар хүчирхэг бат бөх, холч мэргэн ухааны охь, бодол санаа тэнүүн, хурдан шаламгай, туйлдашгүй хүчтэй байхыг бэлгэдэл болдог юм гэсэн санааг жүжиг доторх жүжиг гэсэн найруулга уран сайхны аргаар үзүүлэв.
Тус бүлэгт есөн өрлөг баатар голлон оролцож гал бадраах ёслол болон Чингис хааны эш хөрөгийг залах ёслолд УДЭТ-ын жүжигчид болон ЦДБЭЧ, ХЦДБЧ, Сүлд, Соёмбо чуулга, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Бадмаараг ахлах сургууль, болон Монголиан энтертайнментийн хамт олон оролцлоо.
Мөн дуучин Big Gee морьтон баатруудын хамтаар “Хамаг Монгол” нэртэй дуугаар наадамчин олноо цэнгүүллээ. Морьтон баатруудад Монголын Үндэсний Морьт Харвааны Холбоо оролцон тоглолоо.
Нээлтийн үйл ажиллагааны III бүлэг - Их Монголын заяан цаг
Наадмын нээлтийн үйл ажиллагаа зургаан бүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба гуравдугаар бүлгийг “Их Монголын заяан цаг” хэмээн нэрлэжээ.
Ардын жүжигчин, Морин хуурч Ч.Батсайхан 3-р бүлэг буюу “Их Монголын заяан цаг” бүлгийг морин хуураар эхлүүллээ. Тус бүлэг нь монгол түмний байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэн мөнхөд амьдрах гүн утга агуулга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд их түүх соёл уламжлалаа үл мартан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго дор дэлхийд ганцхан наран дор баярлан наадах “Эрийн гурван наадам” хийж бахархал омогшлоо бадрааж, нэг үндэстэн нэгэн цул гэсэн нэгдмэл сэтгэлгээний чанар бий болгож түүнээс оюун санааны эрч хүч, энергийн төвлөрөл бий болж дараа жилийн наадам хүртэл хүн ардын бие бялдар хүчирхэг бат бөх, холч мэргэн ухааны охь, бодол санаа тэнүүн, хурдан шаламгай, туйлдашгүй хүчтэй байхыг бэлгэдэл болдог юм гэсэн бэлгэдлийг харууллаа.
УҮИТ-ын гоцлол дуучин, уртын дууч, МУСТА Ц.Түмэнжаргал “Уяхан замба тивийн наран”, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн “Их Монголын цэц”, МУГЖ дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул”, СТА Б.Маралжингоо, Э.Агиймаа, СТА Т.Ганбаатар, Наки нар “Хээрийн салхитай аялгуу” дуугаар наадамчин олондоо мэндчиллээ.
Мөн онцлоход наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулж Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбатын ая, яруу найрагч Ч.Чагнаадоржын шүлгээр хүчит бөхчүүдээ магтан дуулсан “Харьшгүй хүчтэнүүд” дууг зохиож СТА Э.Төрмандах дуулж наадамчин олныг цэнгүүллээ. Дашрамд дурдхад Ц.Чулуунбат нь “Толин хул” болон “Их Монголын цэц” дуунуудын ая зохиогч бөгөөд ингэснээр хурдан морь, сур харваа, бөх гэсэн эрийн гурван наадмын бүхий л төрлүүдийн тухай дуутай болсноороо онцлог юм.
Нээлтийн үйл ажиллагааны IV бүлэг - Гурван цагийн нүүдэл
Наадмын нээлтийн үйл ажиллагаа зургаан бүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба дөрөвдүгээр бүлгийг “Гурван цагийн нүүдэл” хэмээн нэрлэжээ.
Бидний угсаатан, ястны түүх уламжлал, зан заншил, өв соёлын утга чанар үндэстний онцлог, нэгдмэл чанар зэргийг товойлгон үзүүлж, цаад агуулгаараа нүүдэлчин удмынхны тэмцэл ялалт, оршин тогтнохын үндэс суурь, ирээдүйн зүй тогтол, хөгжил хөдөлгөөнийг өнөө цагийн нүдээр харж, өргөн утгаараа уламжлал шинэчлэлийг Ардын дууны далд гүнзгий утга санааг бүжиг, зан үйл, түүхэн үйл явцтай хослуулан харуулах зорилго, санааг агуулсан билээ.
Тус бүлгийг морин хуурч СТА Д.Болд нээж, ардын дуучин СТА Д.Бурмаа “Дөрвөн уул”, уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар “Соёл-Эрдэнэ”, МУГЖ Г.Энхбаатар, СТА Д.Бурмаа, МУГЖ Б.Мөнхбаатар нар хамтарч “Баян Монгол” болон Quiza, Т.Баатар нар өөрсдийн шинэхэн дуугаа сонордууллаа.
Энэ бүлэгт дүрслэгдэж буй их нүүдэлд УДЭТ, Сүлд чуулга, ҮУИТ, Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдийн нэгдсэн холбоо, Бадмаараг ахлах сургууль, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, МХО-ны Бүжгийн анги, Номадик Монголиа, Улаанбаатар театр, Түмэн эх чуулга, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Соёмбо чуулгын хамт олон оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны V бүлэг - Алтан тэвшийн хөг аялгуу
Бидний соёл, уламжлал, монголчууд бидний туулж ирсэн зам мөрийг сануулан, түүхийн хэлхээг урлагаар илэрхийлсэн тавдугаар бүлгийн нэр нь “Алтан тэвшийн хөг аялгуу” байлаа.
XXI зууны залуус бид гадны соёлыг даган бишрэхээс илүүтэй дэлхийн хаана ч үгүй өөрсдийн түүх, өв соёл, зан заншил, үнэт зүйл, үндэсний онцлогийг урлагаар дамжуулан орчин үеийн техник технологитой хоршуулж хамтатгаж чадваас дэлхийн бүх оронд эх орноо сурталчлан таниулж байлдан дагуулах дундаршгүй өв их эрдэнэ буйг мэдрүүлэх явдал билээ.
Энэхүү бүлэг нь ХХ-XXI зууны орчин үеийн хөгжмийн хөгжил, дэвшлийн тухай өгүүлэх юм. Үндсэн санаа нь олон улсад өөрсдийн уламжлалт аялгуу, хэв шинжид шингээн төгөлдөржүүлж, төрөл зүйлд хувирган, урсгал чиглэл, онцлогийг харуулна. Монгол гэдэг нэрийн дор дэлхийд гарах зорилго өвөртөлж нэгэн зүгт харж нэгдэж чадваас “ЭВИЙН ХҮЧЭЭР МӨНХӨД ТУСГААР ОРШИХ МОНГОЛ” учраас урлагаар дамжуулан дэлхийн улс орнуудыг морин хуурын хоёр чавхдасаар уярааж чадах ард түмэн гэдгийг дахин сануулахыг зорьсон бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл байх юм.
Алтан тэвшийн хөг аялгуу бүлгийг морин хуурч МУГЖ Р.Амарбаяр эхлүүлэн, “Цэнгэлтэй үдэш”, “Такси цоохор машин”, “Аяны шувууд”, “Зуслангийн уянга”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хүүш Дамдин”, “Угталтын дуу”, “Дурсамж”, “Шар цэцэг” зэрэг урлагийн түүхэнд тодхон үлдсэн эстрадын дуунууд, хөгжмийн ертөнцөд шинэ салхи татуулсан “Зүүд”, “Чимээгүй ирэх дурлал”, “Чингис хаан”, “Хос хунгийн дууль”, “Титэм”, “Хархорин”, “Блью Жийнс” болон “Аз жаргал хүсье”, орчин үеийн урлагийг доргиосон “18 нас”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Санахын аялгуу”, “Харанхуй руу” "Happy woman", одоо цагийн залуусыг байлдан дагуулсан “Hood”, “Нисээрэй”, “Бий биелгээ”, “Монгол swag” болон “Наадъя” зэрэг дуунуудын цомирлигийг наадамчин олонд хүргэлээ.
Тус бүлэгт УДЭТ, УДБЭТ, Монголиан энтертайнмент, Эпик энтертайнмент, Монгол донж, Огторгуйн биелгээ, Sun dance, Moon dance, Хос уянга, Хатан туул, СУИС-ийн Театр урлагийн сургууль, Хүүхэлдэйн театр, Ретро клуб болон Skulls MC мото клубынхан оролцлоо.
Дашрамд дурдхад энэ жилийн наадмын нээлтэд залуу уран бүтээлчдийн төлөөлөл болох Big Gee, Young Mo’G, Б.Маралжингоо, Э.Агиймаа, Т.Ганбаатар, Наки, Quiza, Т.Баатар нар оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны VI бүлэг - Дэлхийн Монгол
Энэхүү хэсгээр дэлхийн хөгжил дэвшил, цаг хугацаа дунд өнөөдөртэй мөр зэрэгцэн оршин буй, Монгол ёс заншил, ёс жудаг, эрхэмсэг амьдралын баялаг сайхан уламжлал, түүний мөн чанарыг ойлгуулан таниулахаар Дэлхийн бүхий л улс үндэстэнд дэлгэсэн тэрлэг шиг газар нутгаа дэлгэн нээж хүндэтгэн угтаж буйг илэрхийлэн үзүүлэхийг зорьсон болно.
Нүүдэлчин соёлын эрхэмсэг оршихуй болсон дөрвөн улирлын дундах аж амьдрал, соёл түүхийн түүчээ, хүн ардын баатарлаг намтар, өв дурсгалт газар нутаг, онгон дагшин байгальдаа хүн ард зон олноороо алд цэнхэр хадгаа дэлгэж амар мэндийг ирэн мэндчилэн угтах Монгол улсыг дэлхийн бүх оронд зарлан тунхаглалаа.
Энэ бүлгийг морин хуурч М.Бүргэдбаатар эхлүүлж, бяцхан хийлч Г.Гансүлд дуучин МУГЖ Ө.Уянга, СТА Э.Отгонжаргал, СТА Б.Монголхүү, СТА Б.Дэлгэрбаяр нарын хамт “Зөвхөн Монголдоо” дуугаараа наадамчин олныг баясган, алдарт Харанга хамтлагийн “Монгол” дуугаар ийнхүү наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.