Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаж, есийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харяат Улсын гарьд М.Бадарч, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон нар учраа тааран барилдав.
Улмаар, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Нутгийн буян" группын бөх, "Алдар" спорт хорооны бөх Улсын гарьд М.Бадарч тахимдах мэхээр өрсөлдөгчөө давж, Улсын арслан цолны болзол хангалаа. Түүхт 100 жилийнхээ ойгоор долоон жилийн дараа ийнхүү архангайчууд наадмын түрүү авч, ойгоороо шинэхэн арслан, шинэ начин, харцагатай наадаж байна.
М.Бадарч, Ц.Баяр-Отгон нарын тухайд монгол түмний наадамд хоёр таарч барилдан, 1:1 харьцаатай ялалт авч байсан бол өнөөдөр 2:1 болгож, М.Бадарч илүү даваатай болов. М.Бадарчийн тухайд Архангай нутгаас төрөн гарч буй 14 дэх Улсын арслан цолтон болжээ.