ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Тэмүүжин: Зорчих чиглэлээсээ хамаарч үнэ тарифт 300-9500 төгрөгийн өөрчлөлт орсон

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-04

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф энэ сарын 01-нээс нэмэгдсэн билээ. Энэ талаар АТҮТ-ийн ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүүжингээс тодрууллаа.

-Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Хот хоорондын зорчигч тээврийн жишиг тариф 2013 онд Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан байдаг бөгөөд нэг хүн.км-т  45-55 төгрөгөөр тээвэрлэхээр тогтоож өгсөн байдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд хот хооронд зорчигч тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү тарифын барьж явсаар ирсэн. Харин 2013 онд нэг литр дизель түлшний үнэ 1780 төгрөг байсан бол өнөөдөр 2100-2300 төгрөг болж нэмэгдлээ. Шатахууны үнэ 18 хувиар өссөн хэдий ч зорчигч тээврийн компаниуд хуучин тарифаа хатуу мөрдсөөр байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу тарифт өөрчлөлт оруулсан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарсан. Цаашид сайдын баталсан жишиг тарифт багтааж зорчигч тээврийн байгууллагууд үнээ нэмнэ.

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф хэчнээн чиглэлд, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар хот хоорондын 71 чиглэлд 59 гэрээтэй аж ахуйн нэгж үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр чиглэлээс тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр зохицуулалтыг хийж, 60 чиглэлд тухайн зорчих чиглэлээсээ хамаарч 300-9500 төгрөгөөр өөрчлөлт орж байна. Ихэнх чиглэл дунджаар 2000-2500 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо судалгаа гарсан. Тухайлбал, хамгийн ойр чиглэл буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сумын чиглэлд 9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байгаа.

-Зам тээврийн сайдын тушаалаар хүн.км-ийг хэдэн төгрөг болгож нэмэгдүүлсэн бэ. Өмнөх тарифыг мөрдөж байсан байгууллагууд хэдэн оноос алдагдалтай ажиллах болсон бэ? 

-Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Батлагдсан жишиг чанд мөрдсөн байгууллагууд 2013 оноос хойших шатахууны үнийн өсөлтийн улмаас алдагдалтай ажиллах болсон. Мөн зорчигчийн урсгал багатай чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхлэгч 40 орчим аж ахуйн нэгж байгууллага, Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа үнэ тарифыг нэмэгдүүлэх санал, шаардлага ирүүлсэн талаар АТҮТ-ийн ТӨҮГ-аас мэдээлж байсан. Энэхүү шаардлагын дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн хот хоорондын тээврийн үнэд өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээр болсон.