Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас өнөөдөр УОК хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэр гаргажээ. Хурал өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй буюу Нийслэл, дүүргийн Онцгой комиссыг оролцуулан хуралдаж, гаргасан шийдвэрээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Гэнэтийн аадар борооны улмаас 244 айл өрх, 12 аж ахуйн нэгж, 105 автомашин үерт өртжээ. Мөн Улаанбаатар хотоос гадна Увс аймгийн Тариалан суманд орсон бага зэргийн аадар борооны улмаас хоёр хүүхэд аянганд цохиулан амиа алдаж, нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн бол Шарын голд мөн үерт айлууд өртсөн талаар мэдээлэл өглөө.
УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөхдөө “Үерийн гамшигт өртсөн айлуудыг нэн тэргүүнд цэвэр ус, хүнс тэжээл, шаардлагатай дулаан хувцас, хөнжлөөр хангах ажлыг ХНХ-ын сайдад үүрэг болголоо. Сэргээн засах боломжгүйгээр үерт өртсөн 13 айлыг эхний ээлжинд орон байраар хангах ажлыг зохион байгуулна. Шаардлагатай хэрэгцээт зүйлсээр мөн хангаж байна. Үерийн дараах сэргээн босгох ажлыг хийх, үерт автсан автомашинуудыг зайлуулах, шавар лаг цэвэрлэх ажилд хүн хүч дайчлах шийдвэр гаргаж, Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилж байна. Үерийн голомтод байгаа цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангахыг Эрчим хүчний сайдад үүрэг болголоо” гэв.
Харин УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өчигдөр болсон үерийн дараа өнөөдөр өглөө хүртэл тухайн гамшиг болсон газарт ажиллалаа. Шаардлагатай арга хэмжээг авч, нэгдүгээрт айл өрхийг тог цахилгааны эрсдэлгүй болгох, иргэдийн амь насыг авран хамгаалах чиглэлээр ажиллалаа. Тухайн голомтын бүс нутгийг сэргээн босгох ажил одоо үргэлжилж байна. Цаашдаа үерийн гамшиг тохиолдохгүй гэх баталгаа алга.
Ширүүн бороо, мөндөр ус ихээр орж байна. Аймаг орон нутгуудад ч нэмэгдэж байна. Ганц манай улс ч бус дэлхийн улс орнууд ч үерийн гамшигт өртөж байна. Байгаль дэлхийн уур амьсгалтай холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж буй учраас төр нь зохион байгуулалттай, иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ дээшлүүлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээ, мэдээлэлд ач холбогдол өгч байя. Ялангуяа Цаг уур, орчны шинжилгээнээс өгсөн мэдээг маш сайн анхаарч, ажил, амралтаа төлөвлөж байя. Үерийн улмаас амиа алдсан дөрвөн иргэнийхээ гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье ээ. Ар гэрийнхэн болон гамшигт өртсөн иргэдэдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна” хэмээлээ.