Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр буюу наймдугаар сарын 02-наас 6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Дэд Ерөнхийлөгч К.Харрис болон бусад албаны хүмүүстэй уулзсан билээ.
Энэ айлчлалын үеэр шийдэгдсэн нэг том асуудал нь АНУ руу Монгол Улс шууд нислэг хийх асуудал байсан бөгөөд шууд нислэгтэй болсноор билетийн үнэ 50 хувь хямдрах, мөн бусад улс орны агаарын тээвэр дамжин нисэж буй иргэдийн гаргаж буй зардал дотооддоо үлдэх боломжтой хэмээн үзсэн. Мөн энэ үеэр холын замын шууд нислэгт ашиглах хоёр Boieng 787-9 урт хугацаанд түрээслэх гэрээг Зам тээврийн сайд С.Бямбацогт зураад ирсэн юм.
Тэгвэл Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд нэн шинэ хуудас бичих үйл явдал өнөөдөр тохиож, "Хубилай хаан" нэртэй Boeing 787-9 dreamliner агаарын хөлөг дөнгөж сая Чингис хаан Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.
"Хубилай хаан" маань эхний ээлжинд Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа буюу ирэх онд АНУ-ын чиглэлд шууд нислэг үйлдэх бөгөөд урт хугацааны түрээсийн гэрээ үйлджээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тэр тусмаа "Алсын хараа-2050" хөтөлбөрт аялал жуулчлалыг сэргээх шинэ сэргэлтийн бодлогодоо агаарын тээврийн либералчлал амжилттай явуулж, тизний үнийг бууруулна гэсэн амлалт ийнхүү нэг алхам урагшилж, амжилттай хэрэгжиж эхэллээ.
МИАТ-ийн өргөн их биетэй (widebody) агаарын хөлгүүдийг буюу А310-300-г Ахмад, Гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнэ, В767-300-г Гавьяат нисгэгч Готовын Мөнх-Очир, өнөөдөр газардсан В787-9-г Ахмад Лүндээжанцангийн Баяржаргал нарын нисгэгчид эх орондоо авчирч газардуулжээ. Монголын цэлмэг тэнгэрт үйлдэх олон нислэг нь амжилттай байх болтугай.