ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилдэг 80 залуу офицер мэдлэг, чадвар, авьяасаараа өрсөлдөж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-08-24

Өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдаан эхэлж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг нээж,  Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг Залуу офицеруудын жил болгон зарлаж, өөрийн ивээл дор Төрийн цэргийн болон  хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Тиймээс энэхүү чуулганыг угтсан олон талт, томоохон ажиллагаа, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэснээр офицеруудын мэдлэг, авьяас, ур чадвар, авхаалж самбааг нэлээдгүй сорьсон, өрсөлдөөн ихтэй байхаас гадна зорилгын хувьд өндөр ач холбогдол агуулсан, хамрах хүрээний хувьд өргөн, нэр хүндтэй байх юм.

Өмнө үүнтэй төстэй олон тэмцээн уралдаан зохион байгуулж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, Цэргийн дүрэм, хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, оюун ухааны ур чадвар, тактик, тусгай тактик зэрэг олон тэмцээн зохион байгуулж, шалгаруулж байсан түүхтэй.

Харин энэ онд анх удаа төрийн цэргийн болон хууль сахиулах олон байгууллагуудыг  хамарсан, өргөн цар хүрээтэй, тэмцээн болж байгааг онцлоод шилдэг офицеруудаа бэлтгэн оролцуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн байгууллагуудад талархал илэрхийллээ. Мөн шударгаар шүүж, багаар хамтран ажиллахаас гадна оролцогчдынхоо аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатайг сануулж” байлаа.

Тэмцээний  зохион байгуулалт  болон оролцогчдоос байр суурийг нь сонирхлоо. 

ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа В.Отгонбаяр:

-Шилдэг офицер шалгаруулах тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн  ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын  залуу офицеруудын чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү олон талт үйл ажиллагааны нэг нь "Шилдэг офицер" шалгаруулах уралдаан юм. Өнөөдөр энэхүү уралдаан нээлтээ хийлээ. Энэхүү уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэслэгчээс хошууч хүртэл 35 хүртэлх настай алба хаагчид найман төрлөөр өрсөлдөж байна. Уралдаан нийтдээ гурван өдөр үргэлжилнэ.

-Энэхүү уралдаанд хэчнээн оролцогчид оролцож байна вэ?

-Хууль сахиулах нэг байгууллагаас  таван эрэгтэй, гурван эмэгтэй оролцож байна. Нийтдээ 80 шилдэг залуу офицер шалгарч, уралдаанд өрсөлдөж байна.

-Нийтдээ найман төрлөөр өрсөлдөнө гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Дөнгөж сая эссэ бичлэгийн уралдаан эхэлсэн шүү дээ?

-Буудлага болон бие бялдарын түвшинд үнэлж дүгнэнэ. Мөн сэтгэл хөдлөлийн оюун ухаан, илтгэх ур чадвар зэрэг найман төрлөөр уралдааныг зохион байгуулж байна.

-Уралдааны гол зорилго юунд оршиж байна вэ?

-Гол зорилго нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хангах юм. Мөн  алба хааж байгаа залуу алба хаагчдын манлайлал, ур чадвар , хувь хүний хөгжил, нийтэч байдал, албаараа бахархах, үнэт зүйлийг ухамсарлах зэрэгт ач холбогдолтой.

Уралдаан зохион байгуулалт нэлээд сайтай, өрсөлдөөн ихтэй байна. Шалгалтууд ил тод нээлттэй өрнөж байна. Нууц биш шагналын сангийн талаар мэдээлэл өгч болох уу?

-Шагналын сангийн талаар тодорхой мэдээлэл өгөхөд арай эрт байна.

Бригадын генерал Г.Болор:

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор залуу офицеруудыг дэмжих жил болгон  гэж зарласан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгууллаа. Гүйцэтгэлийн хувьд ч нэлээд өндөр байгаа. Шилдэг офицер шалгаруулах тэмцээнд арван байгууллагын 80 шилдэг офицер шалгарч, эрдэм, мэдлэг, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байна.

Өнөөдөр Дотоод хэргийн их сургуульд онолын мэдлэгийн тэмцээн болж байна. Нийтдээ  таван төрлийн тэмцээн байгаа. Тухайлбал, сэтгэл зүй, эссэ бичлэг, илтгэх ур чадвар, гадаад хэл, цэргийн дүрэм зэрэг тэмцээндээ өнөөдөр оролцоно. Маргааш буудлагын тэмцээн болно. Дараа нь хурд, хүч, авхаалж самбаагаа сорино доо. Энэ бүхний дараа уралдааны дүн гарна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын алба хаагч, дэслэгч Б.Болортунгалаг:

-Дөнгөж сая эссэ бичлэгийн уралдаандаа орчихоод гарч ирлээ. Энэхүү том тэмцээнд ЦЕГ-ыг төлөөлж оролцож байгаадаа сэтгэл маш өндөр байна. Зохион байгуулалт, цаг төлөвлөлт маш сайн байна. Тэмцээнд маш олон төрлийн мэдлэг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг шаардсан даалгарууд байна. Оролцогчид нийт найман төрлөөр өрсөлдөж байгаа.

Маш сайн бэлтгэгдсэн. Ингэснээр мэдлэгтэй, мэдээлэлтэй, ур чадвартай, тэсвэр тэвчээртэй болох байх. Мөн хувь хөгжилд түлхэц болохуйц тэмцээн болж байна. Миний хувьд “Үндэсний аюулгүй байдалд оруулах миний хувь нэмэр” гэдэг сэдвийг сонгож авлаа. Эссэгээ 500 үгэнд багтаан бичлээ. Мөрдөн байцаах албанд кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг учраас өөрийнхөө мэргэжилтэй нэлээд холболоо. Тэр дундаа мэдээллийн аюулгүй байдал гэж зүйл манай улсад ямар их хэрэгтэй вэ гэдгийг илүүтэй гаргаж бичлээ.

Хил хамгаалах Ерөнхий газрын 0166 дугаар ангийн албан хаагч ахлах дэслэгч Л.Отгондулам:

-Миний хувьд залуу офицерын манлайлалын орчныг дээшлүүлэх гэсэн сэдвээр эссэ бичлээ. Гол нь хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа   мянга, мянган оролцогчдоо төлөөлж, асуудал дэвшүүлж, бичлээ. Цаашид юунд анхаарч, ямар орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт илүүтэй анхаарал хандуулж, хөндлөө. Бүх оролцогч нартаа амжилт хүсье.