Ургац хураалт дөхсөн есдүгээр сард цаг агаарын төлөв байдал ямар байх талаар УЦУОШГ-ын Цаг уурч Х.Ахмет-Алигаас тодрууллаа.
-Энэ есдүгээр сард цаг агаарын байдал ямар байх төлөвтэй байна?
-Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр бороо орж хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Цаашлаад энэ сарын 9-нөөс баруун аймгуудын нутгаар бороо орж, уулархаг нутгуудаар хур тунадас унах төлөвтэй байгаа. Малчид, тариаланчдад анхааруулахад өнөөдөр, маргааш газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг онцгойлон анхааруулъя. Тодруулбал, агаарын температур уулархаг нутгуудаар шөнөдөө дөрвөн хэмийн хүйтнээс нэг хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Харин Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 13-18 градусын дулаан байх төлөвтэй байна. Салхины хувьд өнөөдөр зарим газруудад түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ерөнхийдөө энэ сарын 10-ныг хүртэл хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн үг.
-Есдүгээр сарын эхний арав хоногоос хойш цас орж цочир хүйтэрнэ гэсэн үг үү?
-Есдүгээр сард газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгийн зүүн өмнөд, Төв аймаг болон Хэнтийн хойд хэсгээр, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орно. Харин Алтайн өвөр говь болон говь талын нутгуудаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаар цас орох төлөвтэй байна. Энэ сарын дундаас хойш ихэнхи нутгаар хасах хэм руу орно. Мөн есдүгээр сарын сүүлээр уулархаг нутгуудаар хур тунадас ордог. Цас тогтох хугацаа гэвэл арваннэгдүгээр сараас орсон цас өвлийн хугацаанд тогтоно гэж үздэг.
-Цаг агаарын урьдчилсан төлөв байдал улирлаар гарсан уу. Намрын улиралд цаг агаарын ерөнхий төлөв ямар байх вэ?
-Улирлын цаг агаарын урьдчилсан төлөв гарсан байгаа. Улирлын төлвөөс харахад нутгийн хойд талаар хур тунадас ахиу, урд талаар бага, олон жилийн дунджаас дулаахан байна. Харин нутгийн хойд талаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байгаа.
-Олон жилийн дундаж гэхээр цаг агаар ямар байна гэсэн үг вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Аравдугаар сард агаарын дундаж температур 1981-2010 онуудад Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн байсан. Харин Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байдаг байлаа. Үүнээс гадна, уур амьсгалын дундаж байдлаар авч үзвэл аравдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 12-17 мм, Их нууруудын хотгор, говийн нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог. Харин арваннэгдүгээр сараас эрс багасаж, арванхоёрдугаар сараас хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-4 мм бусад нутгаар хоёр мм хүртэл цас орж байсан.