ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Барилгын салбарынхан гамшгийн эсрэг нэгдлээ

O.Admin
2023-09-08

Өнөөдөр Монгол Улсад барилгын салбарын түүхт 97 жилийн ой тохиож байна. Барилгачид энэ жил “Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж, салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдээ тодруулж байгаа юм. Баярын үйл ажиллагааг нээж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсад Барилгын салбар үүсэж, хөгжөөд 97 жилийг ардаа үджээ. Улс орныхоо түүхэн бүтээн байгуулалтад үе үеийн барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Барилгын салбарт өдгөө 77.6 мянган хүн ажиллаж, Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээгээр Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 422.8 тэрбум төгрөгийг манай салбар бүрдүүлж байна. Салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 86.9 тэрбум төгрөгөөр буюу 25.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Мөн салбарын маань барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3 их наяд 37.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 626.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэхүү өсөлтөд дотоодын байгууллагуудын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 645.5 тэрбум төгрөгт хүрч, 27.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Манай улсын хөгжлийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлох “Хөшигийн хөндий” ухаалаг хот, “Шинэ Хархорум” хотуудыг байгуулах, мөн Улаанбаатар хотын орчны бохирдол, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Сэлбэ сэргэлт” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг яамны зүгээс хэрэгжүүлж эхлээд байгаа хэмээн онцоллоо.

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж ирсэн байхаас гадна Онцгой байдлын ерөнхий газраас  Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа хэмээх уриатайгаар тус үйл ажиллагаанд нэгдсэн байлаа. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс барилгын салбарын чанар стандарт, аюулгүй байдал, газар төлөвлөлтөд анхаарах шаардлагатайг энэ үер хэлж байлаа. Түүнээс бүхий л салбарт стандарт, чанарын шаардлагаа хангаж ажиллах нь чухал гэдгийг залуу үедээ захиж байсан юм. 

Мөн энэ үеэр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Барилга Барилгын салбарт 100 мянган хүн ажилладаг. Монгол Улсын хөгжлийг тодорхойлдог бүтээн байгуулалтын томоохон салбар. Салбарын хамт олондоо 97 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид жил бүр уламжлал болгон 10 аж ахуйн нэгжийн тугыг талбай дээрээ мандуулж, сурталчилдаг. Мөн бид гамшгийн үед шаардлагатай арга хэмжээг авахыг үргэлж төлөвлөдөг. Тухайлбал, жалга, үер усны зам хааж, барилга байгууламж, хашаа  барьсан аж ахуйн нэгжүүд, айл өрхөд ажиллаж байна. Ашиглах боломжгүй барилгад үнэлгээ хийж, пасспорт олгох ёстой. Энэхүү паспортоор ашиглах боломжгүй барилга байгууламжийг дахин төлөвлөлтөд оруулж, шинээр барилга барих ажил нийслэл дээр хийгдэж байна. Төсөв хөрөнгөөс шалтгаалан ажил удааширч байгаа. Гэхдээ ажлыг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзэж байна” гэх тайлбарыг хэлж байлаа.

Барилгын салбар дахь 2023 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. 

 

  Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгжээр 

-Монкон констракшн ХХК

-Эрдэнэт орчлон ХХК 

 Инженерийн шугам сүлжээний шилдэг аж ахуйн нэгжээр

-Макс өргөө ХХК 

 Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 

 -Монцемент билдинг материалс ХХК 

-Плас саплай инженеринг ХХК 

  Барилга байгууламжийн зураг төслийн шилдэг аж ахуйн нэгжээр 

-Престиж инжеринг ХХК 

-ББСМО ХХК

  Нийтийн шилдэг аж ахуйн нэгжээр 

-Дархан ус суваг ОНӨАА

  Гадаад оронд барилгын ажлыг өргөжүүлсэн шилдэг аж ахуйн нэгжээр 

-Мон профейшнл ХХК