Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 8 сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Үүнээс 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, эцэслэн шийдвэрлэсэн байна.
2021, 2022 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах нийт 179 хэргийг илрүүлжээ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэх болж, их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулах болсон.
Тухайлбал, покер буюу мөрийтэй тоглоомын апликейшн, сайт нээж, зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд нь хэд хэдэн хаягаар нэг тоглогчтой бооцоотой тоглоом зохион байгуулж, бусдыг төөрөгдүүлэн мөнгийг нь луйвардан авдаг аж.Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө гэж нэрлэн мөрийтэй тоглож байгаа 8 иргэнийг нэг группт оруулдаг. Харин тоглож байгаа 8 иргэний 3-4 нь зохион байгуулагч этгээд өөрсдөө байх бөгөөд хуурамч 3-аас 4 хаяг, зарим тохиолдолд түүнээс дээш хаяг нээж, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжөөр нэгэн зэрэг нэвтрэн тоглодог байна.
Энэ нь бусад иргэнд олон тоглогч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боловч мөнгө хожих ямар ч боломжгүй, тоглох тусам хохирдог. Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байгаа гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлэх бөгөөд энэ нь гэмт этгээдүүдийн үйлдлийн арга гэдгийг мөнгө хожих горьдлого тээгч та бүхэн анхаарах хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомд донтсон этгээдүүд нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагддаг.
Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэх, үүнийг сонирхогч гэр бүл, найз нөхдөдөө үнэн бодит байдлыг тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.