Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 18-ны өдрийн 11.15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс уг дуудлага мэдээллийг шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан хэрэг үйлджээ.
Сошиал орчинд цацагдсан бичлэгт приус маркийн машинтай хоёр залуу замаар явж байсан хоёр иргэн рүү хутга барин дайрч, нэгийг нь хутгатай хөөж буй нь үлджээ.
Тэгвэл тус дүүргийн цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байжээ. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.