Тавантолгой түлш ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:
"Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээрээ иргэд угаартаж байна гэсэн өрөөсгөл ойлголт. Тийм учраас манай компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг явуулж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх , зааварчилгааг өгч буй. Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын 220 мянган айлыг бүгдийг нь хамарч, хянаж чадахгүй ч угаарын хийн мэдрэгч байрлуулсан айлуудыг тогтмол хянадаг. Гэтэл иргэд угаар мэдрэгчийнхээ баттерей дуусахаар солихгүй, цахилгаанд залгадаг бол салгачих тохиолдол их байна. Ажилтнууд дүүрэг, хороогоор явж байнга хяналтыг хийж байгаа.
Энэ жил Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хавраас намар хүртэл хийгээд дууссан.
Тэгэхээр ямар үр дүн гарах вэ гэхээр бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт" хэмээн байр сууриа илэрхийллээ.