ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Охиныг агаараар, газраар эрэн хайх ажиллагаа явуулж байна

O.Admin
2023-10-05

Дорноговь аймагт сураггүй алга болсон 12 настай охины эрлийн ажиллагааны талаар өнөөдөр  ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:-Өнөөдөр хэргийн талаар нарийвчлан мэдээлэл өгөхгүй. Учир нь эрүүгийн хуульд прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд мэдээлэл өгөхгүй гэж тусгасан байгаа. Хуулийн хүрээнд явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Н.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд үргэлжилж байна. Онцгой байдлын албаас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулад өнөө өглөө долоон цагаас нисдэг тэргийг Дорноговь аймгийн Мандах сум руу хөөргөсөн. Агаараас  эрэн хайх ажиллагааг явуулж байна. Мөн газраар автомашинтай цагдаагийн алба хаагчид эрэн хайж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг зөвхөн Мандах сумд хийгээгүй. Зэргэлдээ сум, аймгийн төв гэх мэтчилэн охиныг байж болзошгүй. Алба хаагч иргэдийн туслалцаа, онцгой комиссын гишүүд, алба хаагчидтай хамтран зохион байгуулж байна. Мөн сэтгүүлч нарт хандаж уриалга гаргаж байна. Хүүхдийн асуудалтай холбоотой зүйлийг баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацдаг, иргэдийг талцуулж, төөрөгдүүлдэг байж болохгүй. 

 

      Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барина 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:-Хүүхэд хамгааллын асуудалд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна. Сураггүй алга болсон хүүхдийг эрүүл саруул олдоосой гэж сэтгэл зовниж байна. Аймгийн Онцгой байдлын даргатай байнгын холбоотой байна. Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэдтэй. Олон нийт бүгдээрээ хамтарч, хүүхдээ хамгаалах шаардлагатай байна. Жилд 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Хүчирхийллийн гэмт хэргийн хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн гэмт этгээдийн талаар олон нийтэд нэр, зурагтай нь зарлана. Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөний дунд хүүхэд бүртгэлгүй өнгөрөх магадлал өндөртэй байна. Хүүхэд болгон  цахим хувийн хэрэгтэй болъё. Ар гэрт нь хүчирхийлэл гарвал хувийн хэрэг дээр нь тэмдэглэж байя. Иргэд олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлаг хуультай,  300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 21 аймагт салбартай байгууллага болсон хэдий ч хүүхдийн мэргэжилтэн дутмаг хэвээр байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барихад бэлдээд байна.