ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХХҮЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр М.Батмагнайг томилов

O.Admin
2023-10-05

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын /ХХҮЕГ/ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Батмагнайг томилох шийдвэр гарч, өнөөдөр үүрэгт ажилдаа оржээ. 

М.Батмагнай өмнө нь тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн газар, хэлтсийн даргаар тус тус ажиллаж, энэ салбарт чамгүй туршлага хуримтлуулсан мэргэжлийн хүн бөгөөд төрийн албаны мерит зарчмаар дэвшүүлэн ажиллуулахаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа тушаал гаргаж, өнөөдрөөс ийнхүү үүрэгт ажилд нь томилжээ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал ажлаа хүлээлцэж, тамгыг гардуулж өгөхдөө "Салбарынхаа хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажиллах"-ыг захиад ажилд нь амжилт хүсэв.

Үүрэгт ажилдаа томилогдож, тамгаа хүлээж авах үеэрээ М.Батмагнай дарга "Хөдөлмөр халамж үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сайжруулах олон бодол бий. УИХ-аас баталсан болон салбар яамнаас гаргасан хууль тогтоомж, бусад журмыг хөрсөн дээр нь бодит ажил хэрэг болгон ажиллах нь чухал байгаа. Мөн иргэдэдээ хүртээмжтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй ажиллахын тулд хамт олонтойгоо нягт хамтран ажиллана" хэмээн мэдэгдлээ. 

 

Түүний мэдлэг, чадвар, ажлын туршлагыг харгалзаж хөдөлмөр, нийгмийн халамжийн салбарыг хариуцуулсан хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа уг тушаалыг батламжлахдаа мэдэгдсэн аж.