Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байсан хоёр сурагч охиныг автомашинаар дайрсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Охид хичээлдээ явж байсан бөгөөд хэргийн улмаас нь нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүнд гэмтэн хүргэгдсэн юм.
Тэгвэл 33-р дугаар хороо орчмын нутаг дэвсгэрт дэлгүүр ажиллуулдаг 36 ААН, иргэд нийлж уг зам дээр хурд сааруулагч хийхээр болжээ. Тэд 4 метрийн өргөн, 7 метрийн урттай дөрвөн ширхэг хурд сааруулагч хийх бөгөөд шаардагдах зардлыг дундаасаа гаргасан байна. Дэлгүүрийн үйл ажиллагааны чиглэл, орлогын байдал зэргээс хамаарч 100-300 мянган төгрөгийн цуглуулж, найман сая төгрөг босгож чаджээ.
Тэдгээр иргэдийн хувьд хурд сааруулагч хийснээр дахин зам тээврийн осол гарч, бага насны хүүхэд амиа алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон байна.