АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга нар сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээллээ. Мөрдөн шалгах хэлтэст 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Тэдгээрээс олны анхаарлыг татсан, хүлээгдээд байгаа хэргүүдийн талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, нүүрс тээвэр, газар олголт, барилга байгууламж, ногоон автобус, допинг, Боловсролын зээлийн сангийн талаар хүргэсэн юм.
АТГ-аас Ногоон автобусны гэх хэрэгт автобус худалдан авах ажиллагаа, автобус хүлээн авах, автобусанд зарцуулсан 134.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гэсэн гурван чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ талаар “2023 оны Төсвийн тухай хуульд 318 тэрбум төгрөгийг хуульчилсан ба нийтийн тээвэрт зарцуулахаар заасан. УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд Нийслэлийн засаг даргад захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн ба захирамж гарч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Гэвч нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчин, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа авах хууль бий. Үүнд бүгд тодорхой заасан байдаг. Харин НЗДТГ-аас Тагнуулын байгууллага руу зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан байсан ба хариуд нь Сангийн яамнаас тодруулах саналыг тусгахын сацуу "Автобусны худалдан авалт нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хамаарч болох юм" гэсэн утга бүхий зүйлийг хариу албан бичигт тусгасан байсан. Сангийн яамнаас НЗДТГ-т холбогдох журмын дагуу зохион байгуул, 3.4-д заасан агуулгад хамаарахгүй юм байна гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий компанийн банкны дансанд байгаа 3,4 сая ам.долларыг битүүмжлэн шалгаж байна. БНСУ-ын дөрвөн хүний хоёрыг нь цагдан хорьж, хоёрт нь хилийн хориг тавьсан” хэмээн мэдээллээ.