ХНХЯ-аас эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ бямба гарагт буюу аравдугаар сарын 28-нд МҮХАҮТ-д “Залуучуудын карьер экспо” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл хийлээ.
Монгол Улсын томоохон 50 гаруй групп компанийн 200 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ТӨҮГ, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд энэ үеэр ажлын байрны мэдээллээ танилцуулж, 5000 гаруй залуусыг ажилд зуучлахаар төлөвлөжээ. Мөн ажилтан, ажил олгогчийг дэмжих чиглэлээрх хууль эрхзүйн орчин нөхцлийг танилцуулахаас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн харилцаанд юуг анхаарах, Нийгмийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын ач холбогдол, ХАБЭА, Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ зэрэг залууст хэрэгцээт бүхий л мэдээллийг танилцуулахаар бэлтгэсэн байна.
Түүнчлэн, өдөрлөгийн үеэр салбар яамнаас хоёр томоохон хөтөлбөрийг эхлүүлж буйгаа зарлах аж. Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Залуучуудын карьер экспо” өдөрлөгийн үеэр хоёр томоохон үйл ажиллагааг ХНХЯ-наас эхлүүлж зарлана. Үүний нэг нь ажил олгогчийг дэмжих туршилтын хөтөлбөр юм. Ажил олоход хүндрэлтэй иргэд, ялангуяа залуусыг ажлын байраар хангавал тухайн цалин хөлсөнд нь мөнгөн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлнэ. Энэ туршилтын хөтөлбөрт 5000 гаруй залуусыг хамруулахаар төлөвлөсөн. Ажил олгогчид цалин хөлсийг бүтээмж дагаж өндөр тогтоохтой холбоотой дэмжлэг байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд иргэдийг ажлын байраар хангавал сар болгон цалин дээр нь 820 орчим мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Дээр нь эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тухайд 770 мянган төгрөгийг тав хүртэлх сарын хугацаанд олгож ажилтнуудыг тогтвортой ажиллах чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Хоёр дахь нь ур чадвар олгох сургалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр стандартыг илүү боловсронгуй болгож хөгжүүлсэн байдлаар зохион байгуулна. Европын холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд зохион байгуулна. Энэ арга хэмжээнд 1200 орчим залуусыг хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.
Иймд ажил хайж буй олон нийт, залуус, мөн дээрх хоёр хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ажил олгогч байгууллагуудыг “Карьер экспо 2023” өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг салбар яамнаас уриалж байна.