ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Ууганбаяр: Гэрээгээ хийсэн тохиолдолд халаалтаа залгуулах бүрэн боломжтой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-12

Хэрэглэгчид дулаанаа авах гэж энэ сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ залгуулах боломжтой гэсэн мэдээлэл байгаа билээ. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай удирдлага, горим тохируулгын албаны дарга М.Ууганбаяраас тодрууллаа. 

-Хэрэглэгчид халаалтаа хүссэн үедээ залгуулах боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Эрчим хүчний сайдын тушаалаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны есдүгээр сарын 15-ны өдөр гэсэн байдаг. Харин дуусах хугацааг дараа оны тавдугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны аравдугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны тавдугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон байдаг. Үүнээс гадна,  төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцны барилгуудын халаалтын эхлэх болон дуусах үеийн температурыг +10С байхаар тооцож энэ сарын 15-наас эхлэн дараа оны тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд дулаанаа өгч эхэлдэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 03-наас эхлээд гадна агаарын температур +10С-ээс доош буурч сэрүүссэн. Бид хэрэглэгчдийн тав тухыг хангах үүднээс хүссэн үедээ халаалтаа залгуулах боломжийг олгож байгаа юм. Зуны засварын хугацаанд өөрсдийн тоноглолын засвар үйлчилгээг наймдугаар сарын 25-нд бүрэн хийж дуусаад, халуун усаар ханган ажиллаж байгаа. Хүсэлт тавьсан хэрэглэгчдийг дулаанаар хангаж ажиллахад бэлэн.

-Зөвхөн Улаанбаатар хотын хэрэглэгчид халаалтаа хүссэн үедээ авах боломжтой гэсэн үг үү. Хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн халаалтыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? 

-Хөдөө, орон нутгийн хэрэглэгчид аравдугаар сарын 01-нээс халаалтаа авч эхэлдэг байсан. Зарим аймгууд энэ сарын 15-наас халаалтаа авах боломжтой болсон. Тодруулбал, Эрчим хүчний сайдын тушаалаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Орхон, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Мөн бусад аймгуудад бас анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, Ховд аймгийн хуучин станц болох “Бадамлах дөл” ХХК нь иргэдийг хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. 

-Дулаанаа залгуулах хүсэлтэй байгаа хэрэглэгчид хэнд, хаана хандах ёстой вэ?  

-Манай байгууллага 2400 хэрэглэгчтэй гэрээтэй бөгөөд 9200 барилгыг дулааны эрчим хүчээр хангадаг. Хэрэглэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс аж ахуйн нэгжид асуудлаа тавьж “Дулааны эрчим хүч, худалдах худалдан авах” гэрээгээ хийсэн тохиолдолд халаалтаа залгуулах бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжүүдийн засварын ажлын явц 91 хувийн биелэлттэй байгаа бөгөөд энэ сарын 15-наас өмнө засварын ажил дууссан тохиолдолд дулаанаар хангагдах боломжтой. Харин орон сууцны барилгууд харьяа конторт асуудлаа тавьж дулаанаа залгуулах боломжтой.

-Одоогийн байдлаар халаалтаа авсан газар байгаа юу? 

-Өнөөдрийн байдлаар дулааны тоолууртай 400 орон сууцны халаалтыг өгсөн. Мөн 80 аж ахуйн нэгжийн  халаалтыг залгаад байна.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Халаалт залгалттай холбоо­тойгоор хэрэглэгчдийг ая тухтай байлгах үүднээс аж ахуйн нэгжийн газрууд эзэмшлийн тоноглол дээр засвар үйлчилгээгээ чанартай гүйцэтгэж оффис, аж ахуйн нэгжүүд аравдугаар сарын 01-нээс төлөвлөсөн хугацаанаас өмнө халаалтыг авч болно. Улсын төсвийн хөрөнгөөр Амгалан станцаас холболттой 12гд магистраль, 2ф500мм-ийн шугамыг 2ф700мм болгон өргөтгөж Маахуур толгой, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, 0151 дугаар анги, Их засаг орчмын уурын зуухтай хэрэглэгчдийг ирэх сарын 10-наас өмнө халаалтуудыг залгаж төвлөрсөн дулаан хангамжид холбоно.