Төрийн албан хаагчдын цэцэрлэгийн хүүхдийг өглөө 07.30 цагт хүлээн авдаг болох талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар СӨБ-ын Бодлогын газрын дарга Г.Дуламжаваас тодрууллаа.
-Төрийн албан хаагчдын хүүхдийг өглөө 07:30 цагаас хүлээж авдаг болно гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өмнөх хичээлийн жилүүдэд ч гэсэн төрийн албан хаагчдын хүүхдийг өглөө 07:30 цагт авдаг байсан. Энэ жил мөн адил үргэлжилнэ. Нийслэлийн боловсролын газраас авсан судалгаанаас үзэхэд, Улаанбаатар хотын хэмжээнд 222 цэцэрлэг төрийн албан хаагчийн хүүхдийг хүлээн авч байна. Улсын хэмжээнд 114191 хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдаж байгаа. Судалгаагаар төрийн албан хаагчийн 14278 хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн дүн гарсан. Цэцэрлэг бүрт жижүүр багш ажилладаг учир хүүхдээ өглөө 07:30 цагт жижүүр багшид хүлээлгэж өгнө. Цэцэрлэгийн багш нар өдрийн 10 цаг ажилладаг.
-Зарим цэцэрлэгүүд өглөө 07:50 минутад хүүхдээ аваачиж өгөхөд 08:00 авна гээд хүлээж авахгүй байна. Эцэг, эхтэй хийсэн гэрээндээ 08:00 цагт хүлээж авна гэсэн байсан?
-Гэрээнд бол албан ёсоор 08:00 цаг гэж зааж болно. Гэвч иргэдийн нөхцөл байдлаас шалтгаалан 07:30 минутад хүлээж авч байгаа.
-08:00 цагт авах ёстой гээд хүүхдийг хүлээж авахгүй цэцэрлэгүүд байгаа шүү дээ. Уг нь бол 07:30 цагт авах ёстой юм байна. Цэцэрлэгүүд уг журмыг мөрдөж байгаа эсэхэд хэн хяналт тавьдаг юм бэ?
-Нийслэлийн боловсролын газраас судалгаа аваад, хяналт тавиад явж байна. Хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр авсан судалгаа надад байна. Түүнээс гадна тухайн байгууллагын цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж, судалгаа хийх үүрэгтэй. Жижүүр багш ажиллаж, хүүхдээ хүлээж авах ёстой. Гэхдээ би өөрөө цэцэрлэгийн багш байсан хүний хувьд 10 цаг ажиллана гэдэг хэцүү. Багш нар ч гэсэн ардаа амьдралтай гэдгийг эцэг, эхчүүд ойлгоод аль болох хүүхдээ цагт нь авч байх хэрэгтэй. Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэ хичээлийн жилд төрийн өмчийн 26 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Мөн энэ онд хамгийн өндөр наслалттай байгаа цэцэрлэгүүдийг буулгаад 10 цэцэрлэг шинээр барих асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн бүх юмыг улсаас хийж өгч байхад эцэг, эхчүүд ухамсартай хандах ёстой.
-Эцэг, эхчүүд орой тарах хугацаанаас хожигдсон бол илүү цагийн мөнгө төлдөг. Өглөө 08:00 цагаас эрт өгсөн бол илүү цагийн мөнгө төлөх үү?
-Өглөөний илүү цагийн мөнгө гэж төлөхгүй.
-Цэцэрлэгийн тарах цагийг хойшлуулах асуудал яригдсан. Энэ ажил юу болсон бэ?
-СӨБ-ын хуулинд зааснаар цэцэрлэгийн багшийг хоёр ээлжээр ажиллуулж болно гэж заасан боловч санхүүжилт байхгүй учраас боломжгүй болж байгаа юм. Тиймээс өглөө 08:00 цагт ирсэн багш илүү цагаар ажиллана гэдэг бас л хэцүү. Тиймээс хаана хаанаа хүндэтгэлтэй хандаад, цагтаа хүүхдээ авбал сайн.