Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболд нар Монгол цэргийн музейд ажиллалаа.
Тус музейн захирал хурандаа Д.Ганзориг музейн түүх, үзүүллэгийн бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан юм. Өнгөрсөн жилүүдэд тус музей нь тэмдэглэлт ойн хүрээнд томоохон үзэсгэлэнг дэглэж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх талаар өргөн далайцтай ажлуудыг зохион байгуулсны зэрэгцээ дотоодын нөөц бололцоог ашиглан засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Мөн 2024 онд тохиох Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан дижитал технологи бүхий AR, VR төхөөрөмжид суурилсан үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байгаагаа музейн удирдлагууд онцолсон юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр музейн барилга байгууламж, ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцөлтэй дэлгэрэнгүй танилцах үеэрээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил, музейн дэглэлт, үзмэрийн хадгалалт хамгаалалтын талаар санал бодлоо солилцож, цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн музейн өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.