ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ээж минь надад гомддог байх даа...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-14

Ээжээ, та минь надад гомддог байх даа... Өөрөөс тань өлгөөтэй юм шиг зүүгдэж өссөн ганц охин тань өтлөхийн цагт өрөөлийн хүн болно гээд яваад өгсөнд. Санаж бэтгэрдэг сэтгэлийг тань сардаа очиж дэвтээдэггүйд гомддог л байх даа миний жаахан ээж. Түмэн захиас мянган ерөөлөө өргөөд, эргээд ирэхээр ээж нь нөгөө хацрыг нь үнсэнэ ээ гээд өмөлзөөд үлдэхдээ буруу хараад уйлдагийг тань охин нь мэднэ ээ. Өөрийгөө мануулах гэж өсгөсөн биш дээ чамайг, ажил амьдралаа бод гэж хэлдэг ч дэргэд минь байдаг болоосой гэж далдхан хүсдэгийг тань ч мэднэ.

Бодсоноор болдог хорвоо биш юм аа ээжээ. Өглөө бүхэн цайг тань чанаж, үдэш бүрийг хажууд тань угтдаггүй ачлалгүй охиноо өршөөгөөрэй. Өсөхийн цагтаа өвдөж зовоогоод өтлөхийн цагт тань санахын зовлонд унагаасан хэнэггүй охиноо уучил. Гэлээ ч үрийн чинь санаа ууланд гараагүй юм шүү ээжээ. Сүндэр сүндэр уулсынхаа дунд сүү өргөөд үдсэн та минь сэтгэлийн гүнд уяатай явдаг. Намар болохоор таныгаа их санах юм аа. Сэрүү татсан хотгорт маань ямархан намар болдог билээ дээ. Зэлэн дээрээ та минь даарч байгаа бодогдоод болдоггүй юм. Өөрөө очихгүй атлаа өрх тусгаарласан ганц дүүгээ “ээжийнхээ үнээг ивэлгэж өгөөрэй, малд битгий явуулаарай, эхнэрээрээ үнээг нь саалгаарай” гэж зарлигддаг том толгойтон.

“Өөрийгөө сайн асраарай өвдчихөв дөө” гэж үглэдгийг тань сэрүү орохоор л санах юм. Өр нимгэн та минь түмэндээ гэмгүй явсан болохоор олныхоо дунд үр нь алзахгүй явна аа. Гэлээ ч таныхаа юм бүхнийг шимширтлээ санах үе олон. Хужиртай өтгөн цайг тань, духыг минь барьж сэрээдгийг тань, өөрөө ээж болчихсон намайг өвөртөлж унтах гэж дайрдгийг тань, чанасан цай, хийсэн хоолыг минь голж үгэлдгийг тань, намайг өөрийнх нь залуу нас гэж хүмүүс ярихад дуртайг тань санаад байдаг юм аа.  Очино оо охин нь удахгүй. Таньд л амьд явж өгч яваа юм шиг Улаанбаатарын амьдралаа учирлаж ярьсаар яваад л очно. Уруул амаа, унжийлгаад ядарснаа гайхуулсаар очно. Газар тавьдаггүй ганц зээг тань аваад очно оо. Түмэн олны нар тэнгэртээ байдаг ч гэлээ эрх шар охиныхоо нар та юм шүү ээжээ.